Ерөнхийлөгчийнх үү, парламентын засаглал уу

2019 оны 09 сарын 10
Ерөнхийлөгчийнх үү, парламентын засаглал уу

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  эсэхийг ард түмнээсээ асуухаар эрх баригч хүчнийхэн санал нэгдлээ. Улмаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ард нийтийн санал асуулгын ирэх сарын 30,31-нд зохион байгуулахаар болсон юм. 

Харин үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дэмжигдээгүй саналаа татаж авсан юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн 80 хувь нь хасагдсан, УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслийн 80 хувь нь дэмжигдсэн. УИХ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батлах бүрэн эрхтэй.  АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцохгүй гэдгээ дөнгөж сая хэлсэн. Ерөнхийлөгч оролцохгүй. Одоо цэвэр МАН-ын хэрэг болсон. Удахгүй УИХ-д суудалтай бусад нам болох МАХН ч юм уу байр сууриа илэрхийлэх байх. Энэ бол зөвхөн УИХ-ын 62 гишүүний боловсруулсан өөрчлөлт болоод үлдэх ёстой юм” хэмээн мэдэгдлээ. 

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын Е/43 тоот албан бичиг болон "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөлд тусгах саналыг ЕТГД  З.Энхболд  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. 

Тодруулбал, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа мэдэгдээд, ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байгаагаа дурджээ.

Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд тусгах саналдаа: Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан санал Үндсэн хуулийн өөрчлөлтөд огт хөндөгдөөгүй байгааг сануулах хэрэгтэй. Тэгэхээр асуудлыг парламентын түвшинд хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх