Германд хууль бусаар эм нэвтрүүлсэн Монголчуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгджээ

2019 оны 08 сарын 17
Германд хууль бусаар эм нэвтрүүлсэн Монголчуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгджээ

2018 оны арванхоёрдугаар сард Будапештаас Берлин рүү дипломат дугаартай автомашинаар их хэмжээний эм тээвэрлэж яваад баригдсан Монгол улсын хоёр иргэний тухай мэдээлэл өчигдөр Германы хэвлэлд нийтлэгдсэн юм.

Тэднийг шүүх хурал одоо явагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр ирэх долоо хоногт гарах ажээ.

Германы TAG24 вэбсайтад мэдээлснээр нэг бүр нь дөрвөн еврогийн үнэтэй 150,000 ширхэг өвчин намдаах эмийг 53 настай Т.Мөнхбат, 38 настай Э.Оргил нар тээвэрлэж яваад Дрезден хотын ойролцоо хурдны зам дээр саатуулагдсан байна.

Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан Үүд хот дахь Монгол улсын ерөнхий консулын газрын худалдааны атташе гэнэ. Харин машиныг жолоодож явсан Э.Оргил нь дипломат албанд ажилладаггүй, бөө хүн болохыг мэдээлжээ.

Тэд Будапештаас таньдаг хүнийхээ илгээмжийг Берлинд хүргэхээр авч явсан, дотор нь юу байгааг мэдээгүй гэж мэдүүлсэн байна.

Өөрсдийнхөө үндсэн зорилгыг “Монголын зах зээлд Унгараас нийлүүлдэг энергийн ундааны савлах үйлдвэрийг Монголд байгуулах асуудлаар Берлинд бизнес уулзалт хийх” гэж тайлбарлажээ.

Тэдний баривчлагдсан хурдны зам дээр өнгөрсөн тавдугаар сард мөн Монгол улсын хоёр дипломат ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад баригдаж байв.

“Дээрх хоёр хэргийн хооронд ямар нэг хэлхээ холбоо илрээгүй” гэж хэргийг мөрдөн шалгаж байгаа прокурор мэдэгджээ. Героин тээвэрлэж явсан Истанбулын консулын хоёр ажилтны хэргийг шалгаж дууссан бөгөөд шүүх хурлын тов тодорхой болоогүй байгаа гэнэ

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх