Цэвдэгт хөлдсөн ваартай өрөм, шар тос 800 жилийн дараа олджээ

2019 оны 08 сарын 16
Цэвдэгт хөлдсөн ваартай өрөм, шар тос 800 жилийн дараа олджээ

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн хамтарсан "Умард Монгол" төслийн судалгааны баг 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваартай шар тос зэрэг дэлхийн архелогийн судалгаанд нэн ховор олдвор олжээ. 

Үүнийг төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдвор хэмээн үзэж буй юм. Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийсэн байна. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрсний дотор дээрх ваартай хөлдсөн өрөм, шар тосны олдвор онцгой ховор тохиолдол аж.

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох маш чухал хэрэглэгдэхүүнийг хамгаалж, цуглуулаад байна.  Ялангуяа, алтан нарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, ээмэг болон бүсний алтан чимэглэл олжээ. Мөн торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс  хээтэй торгон дээл хувцасны хэсэг, ширэн гутлын хэсэг, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх  мэт хэдэн зуун олдворууд бий аж.

Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байна. Энэхүү өв соёлын олдворууд нь Монголын эзэнт гүрний ялгуусан их түүхийн гэрч болж, эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх