Сэргээш илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлах боломжгүй

2019 оны 08 сарын 12
Сэргээш илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлах боломжгүй

Сүүлийн өдрүүдэд Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс сэргээш илэрсэн гэх мэдээлэл цахим хуудсаар тархаж, олон нийтийг талцуулахад хүргээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын үндэсний бөхийн салбар хорооноос  өнөөдөр /2019.08.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

МҮБХ-ноос гаргасан тогтоолоор дараах тохиолдолд бөхчүүдэд сэргээшийн шинжилгээ хийхээр журамласан байдаг.

  1. Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх
  2. Бөхчүүд болон үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх
  3. Шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх
  4. Мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх
  5. Сугалаагаар сонгосон бөх
  6. Улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүд

 

Энэхүү журмын дагуу өнөө жилийн Улсын их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулж БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтийн Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн байна. Лабораториос энэ сарын 5-ны өдөр  Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирүүлсэн байна.

Нийт 16 бөх  шинжилгээнд хамрагдсанаас 14 бөх нь хориотой бодис хэрэглээгүй болох нь тогтоогдсон бол хоёр бөхөөс сэргээшийн төрөлд хамаардаг, хэрэглэхийг хориглосон таван төрлийн бодис илэрчээ. Улмаар үндэсний бөхийн салбар хорооноос сэргээш илрээгүй 14 бөхтэй утсаар холбогдож мэдэгдэл хүргүүлсэн аж. Харин сэргээш илэрсэн хоёр бөхтэй холбогдож чадаагүй тул албан бичиг хүргүүлж шинжилгээний хариутай танилцуулжээ. 

Үндэсний бөхийн салбар хорооноос "Сэргээш илэрсэн тухай албан бичгийг танилцуулснаас хойш 10 хоногийн хугацаанд В сорьцийн шинжилгээнд хамрагдах эсэхээ шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар хоёр бөх В сорьцийн шинжилгээ өгөх хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй байна. В сорьцийн хариуг иртэл хувь хүний нууцтай холбоотой учраас ямар ч бөхийн хариуг зарлах боломжгүй" гэдгийг мэдэгдэв.

Допингийн эсрэг журамд тусгаснаар сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасна. Мөн сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасна гэж заасан байдаг.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх