Н.Баярсайханаас хураасан мөнгө дундаж цалинтай иргэний 173 жилийн цалин болж байна

2019 оны 08 сарын 02
Н.Баярсайханаас хураасан мөнгө дундаж цалинтай иргэний 173 жилийн цалин болж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхантай холбоотой авлигын хэрэг, оймсноосоо ам.доллар гаргаж ирж байгаа бичлэг ойрын хэдэн өдөр сенсааци тарилаа. 

Түүний хувьд компанийн захирал болон бусдыг албан тушаалын байдлаа ашиглаж хясан боогдуулах замаар их хэмжээний авлига авсан хэргээр хоёр жил шалгаж байгаад эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгож өөрийг нь 40 сая төгрөгөөр торгоод өнгөрснийг шүүх шударга шийдвэр гаргаагүй гэж шүүмжилж байгаа юм. Тэрбээр байгууллагынхаа нэг хэлтсийн дарга Э.Аззаяатай нийлж нийтдээ нэг тэрбум төгрөгийн авлига авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байдаг. Түүгээр ч барахгүй ажлын байран дээрээ доллар оймсондоо нуусан байгаад баригдсан бичлэгийг нь олон нийтэд дэлгэсэн байгаа юм.

Гэтэл  МХЕГ-ын хэлтсийн дарга асан байцаагч Н.Баярсайханаас хураасан 1,665,274,505 төгрөг нь Монголын дундаж цалинтай /800мянга/ иргэний 2081 сар буюу 173 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө ажээ. Ийм их хэмжээний мөнгийг авлигад авна гэдэг бол мэдээж ёроолгүй ходоодтой, шуналын тулам гэдгийг илтгэж байгаа юм.

Дээрх мөнгө бол зөвхөн түүнээс хураасан бэлэн мөнгө. Тэгвэл түүний цаана үл хөдлөх хөрөнгө болгосон, ах дүү, хамаатныхаа нэр дээр шилжүүлсэн хэдий хэмжээний авлигын мөнгө байгааг хэн ч тааж мэдэхгүй.

Гэвч төрийн албан хаагч байхдаа хууль бусаар авлига авч баригдчихаад одоо тэрбээр хүний нэр хүндэд халдсан гэх тайлбарыг хийж өөрийгөө өмгөөлж байгаа харагдана.

Дээрх бичлэгийн дараа тэрбээр нэгэн телевизид “Сүүлийн үед миний хувь хүний халдашгүй эрхэм дээд нэр хүндэд халдаж байгаа явдалд ихээхэн дургүйцэж байна. Намайг оймсондоо авлига нуусан мэтээр доромжилж байна. Тэр бол түрийвчиндээ багтахгүй болохоор оймсондоо хийсэн хувь хүний нэр төрийн жирийн нэг асуудал. Би "Аргагүй байдалд оруулж 1.665.274.505 төгрөгийн авлига авсан" хэмээх хэрэгт 40 сая төгрөгөөр торгуулах, ажлаасаа түдгэлзэх ял шийтгэлээ авчихсан, эдэлчихсэн, хохирлыг барагдуулчихсан хүн.

Тийм болохоор одоо би гэм буруугүй, хэнийг ч хохироогоогүй, бүгдтэй адил жирийн нэг иргэн хүн. Ийм жирийн иргэн хүнийг оймсондоо авлига нуулаа гэхчилэн доромжилж байгаатай хатуу тэмцэж шүүхэд өгнө. Хуулиар шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүлж байна. Миний хүний эрхийг дээдлэх ёстой. 1937 он давтагдаж байна” гэж өөрийгөө өмөөрчээ.

О.Гэрэл

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх