МЭНДЧИЛГЭЭ

5 өдрийн өмнө
МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид, ахмад дайчдадаа Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн баярын халуун мэндийг хүргэе.

Монгол Улсын төр, ард түмний итгэл, найдварыг хүлээн эх нутаг, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, эх орныхоо тусгаар тогтнол, амар амгалан амьдралыг аливаа аюул, халдлагаас хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа зориулсан болон зориулж буй үе үеийн дайчдын гавьяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.
Монголын ард түмэн улс орноо тусгаар тогтнуулж, бүрэн бүтэн байдлаа хадгалан үлдээхийн төлөө өнгөрсөн 20 дугаар зууны туршид үлэмжийн хүчин чармайлт гаргасны дотор 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайн, Улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралт, улс орны хөгжил, цэцэглэлтийн эгзэгтэй үе шат бүрт монгол цэрэг түүхэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн гавьяатай билээ.
Энэ онд Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна. Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг ямагт санан суралцаж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа өвлүүлэх, тэдэнд цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэн ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэд болгон төлөвшүүлэх нь Та бидний залуу хойч үеийнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж цэргийн алба хаагч бүрийг энэ ажилд идэвхийлэн оролцохыг уриалж байна.
Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох зэрэг цаг үеийн шаардлагаар гарч буй томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүн бүрийн идэвх оролцоо, дэмжлэг, бүтээлч хөдөлмөр нэн чухал юм. Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийн өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн цагийн манаанд зогсож байгаа эгэл байлдагч, цэнхэр дуулгатан энхийн цэрэг, ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хүч, хөдөлмөрийн үр дүн гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.
Төрт ёсны их баяр цэнгэл-Монгол наадам дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүр баяр баясгалантай байх болтугай!
Та бүхэн сайхан наадаарай.
Монгол цэргийн сүр хүч, жавхаа хийморь үеийн үед мандан бадраг!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх