Ч.Санжаадамба: Наадмаар допингтэй таван бөхийг барилдана гэвэл ганц би биш бүх бөхчүүд барилдахгүй

2019 оны 06 сарын 28
Ч.Санжаадамба: Наадмаар допингтэй таван бөхийг барилдана гэвэл ганц би биш бүх бөхчүүд барилдахгүй

Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг нь хассан хугацаа дуусаагүй байхад Шүүхийн шийдвэрээр барилдуулахаар болсон.

Үүнээс үүдсэн асуудлаар дархан аварга улсын аварга Ч.Санжаадамбаас зарим зүйлийг тодрууллаа.

Ч.САНЖААДАМБА: УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД ГАРЫН ҮСГЭЭ ЦУГЛУУЛЖ БАЙГАА

-Хэрэв допингтой бөхчүүдийг улсын наадамд барилдах шийдвэр гарвал та улсын наадамд барилдах уу?

-Миний хувьд эдгээр бөхийн эрхийг хассан хугацаа дуусаагүй учраас эсэргүүцэж байна. Ер нь ганц би ч биш олон бөх энэ шийдвэрийн эсрэг байгаа. МҮБХ тэргүүлэгчдийн хурлаараа шүүхийн шийдвэрийг баталгаажуулж барилдуулах болсонд гайхсан.

Харин энд ирээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүмүүстэй уулзаад ойлголоо. МҮБХ-г цаанаас нь шүүх гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд шахдаг юм байна.

Тийм болохоор МҮБХ-ны тэргүүлэгчид дахин хуралдаж шийдвэрээ хэлэлцээд буцааж болох нь гэж ойлголоо. Наадмаар эдгээр бөхийг барилдуулна гэвэл ганц би ч биш бүх бөх барилдахгүй байх. Тиймээс таван хүн гараад барилддаг улсын наадам байж таарахгүй.

-Энэ хуралд бөхчүүд ирнэ гэсэн боловч цөөхөн бөх ирсэн байна?

-Цагийг нь тулгаж зарлаад амжаагүй бололтой. Мөн энэ амралтын өдрүүд бол бөхчүүдийн ачаалалтай бэлтгэлийн үе. Тиймээс бөхчүүд ирж амжсангүй.

Хэрэв Даваа гарагт ахин хурал болно гэвэл бөхчүүд маань ирнэ гэдгээ хэлсэн. Ирээгүй бөхчүүдийн олонх нь допингтой бөхчүүдийг барилдуулахын эсрэг байр суурьтай байна.

-Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж бөхчүүд гомдол гаргаж болно гэсэн. Гомдол гаргах уу?

-Бид улсын цолтой бөхчүүдийн дунд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогоор 40 гаруй хүн гарын үсэг зурсан. Ямартай ч үүнийгээ хэрэглэж болох байх.

-Гарын үсэг зурсан бөхчүүдийг нэрлэж болох уу?

-Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ гэх мэт одоо барилдаж байгаа том цолтнуудаас эхпээд гарын үсэг зурж байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх