Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2019 оны 06 сарын 12
Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны зургадугаар сарын 11-ны өдрийн хурлаар  Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Мурат, Х.Нямбаатар нар ажилласан байна. Хоёр удаа ажлын хэсэг хуралдсан бөгөөд дараах санал, дүгнэлтийг боловсруулжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах талаар хуульчлахаар санал  гаргасан байна. Ингэснээр иргэн өөрийгөө өмгөөлөх сонголт хийсэн тохиолдолд төсөлд заасан өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргээс тодорхой эрхийг эдэлж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг бүрдүүлнэ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой тодорхой саналыг тусгасан гэв. Өмгөөлөгч нийгмийн хариуцлагын хүрээнд нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөлөх үйл ажиллагааг явуулах бөгөөд зохион байгуулах үүргийг Өмгөөлөгчдийн холбоо хариуцах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмгөөллийн үйл ажиллагааны амин сүнс болсон үйлчлүүлэгч-өмгөөлөгчийн хоорондын харилцааг тодорхой болгож үйлчлүүлэгчийн эрхийг хангах талаар тодорхой саналуудыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, иргэд өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар өмгөөллийн үйл ажиллагаа эхэлсэнд тооцдог бус, өөрийн нууцаа, мэдээллээ, хүсэлтээ өмгөөлөгчид гаргаж ярьснаар өмгөөлөгчийн үйлчлүүлэгч болсонд тооцдог зохицуулалтыг оруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг томъёолсон байна. Өмгөөллийн нууцлалтай холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарч, өмгөөллийн нууцад үйлчлүүлэгчид үзүүлж буй хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн холбоотой бүхий л баримт сэлт, мэдээллийг хамруулах, өмгөөлөгч өмгөөллийн нууцыг хадгалах өмгөөллийн үйл ажиллагааны зарчим, өмгөөлөгчийн үүрэгт нэмж, үйлчлүүлэгчийг хамгаалах, өмгөөллийн нууцыг задруулахыг хориглохоор төсөл тусгасан байна. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзвэл мэдээлэл, лавлагааг төрийн болон төрийн бус байгууллагаас гаргуулах эрхтэй байх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Энэ хүрээнд холбогдох албан тушаалтан тухайн мэдээлэл, баримт сэлтийг гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэх, холбогдох хуулиар нууцад хамааралтай асуудлаар өмгөөлөгч нууцын баталгаа гаргасны үндсэн дээр танилцах боломжтой байхаар төсөлд тусгажээ.

   Иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцааг чанартай, шуурхай үзүүлэх, түүнчлэн өмгөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс өмгөөллийн үйл ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тодорхой тусгах, үүнд өмгөөлөгч хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалан зохих бэлтгэлтэй оролцох, үйлчлүүлэгчидтэй хүндэтгэлтэй харилцах, гарсан нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг үүргийг нэмсэн байна.

    Өмгөөлөгчөөс иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах үндсийг бүрдүүлэх үүднээс өмгөөлөгчөөр ажиллах эрх авахдаа мэргэжлийн шалгалт өгдөг байх нь энэ хуульчийн мэргэжлийн шалгалтаас онцлог буюу мэргэжлийн бэлтгэл, ёс зүй, мэтгэлцэх ур чадвар зэрэг өмгөөлөгчөөр ажиллахад шаардлагатай ур чадварыг  шалгах агуулгатай байхаар тусгасан болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор нь шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг бөгөөд энэ нь шүүхийн өмнө оролцогчдыг тэгш бус эрхтэй мэт харагдуулдаг тул үүнийг хэлбэрийг хувьд засах, өмгөөлөгч прокурортой тэгш мэтгэлцэж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх, нөгөө талаар иргэний захиргааны хэрэгт мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж байгаа этгээдээс ялгах үүднээс өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Иймд өмгөөлөгчийн тусгай өмсгөлийн загвар, хийц, холбогдох журмыг Өмгөөлөгчдийн холбоо батлах аж.

    Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг “нөхөрлөл” байхаар төсөлд тусгасан байсныг өргөжүүлж “хязгаарлагдмал хариуцлагатай компани”, “хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл”-ийн хэлбэрээр эрхэлж болохоор буюу өмгөөллийн хуулийн этгээд зах зээлийн зарчмаараа хөгжих боломжийг нээх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн байна. Мөн Өмгөөлөгчдийн холбооны чиг үүргийг тодорхой болгох, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах нөхцөлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналыг нэгбүрчлэн хэлэлцэж төсөлд тусгасан гэв. Ийнхүү зарчмын зөрүүтэй 45, найруулгын шинжтэй багцалсан 3, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар 7 саналыг тус тус бэлтгэн томъёолсон байна.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хувь мэргэжилтэн, байгууллагын төлбөрийн баримтын талаар болон өмгөөллийн хөлстэй холбоотой ямар нэг зохицуулалт төсөлд бий эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төсөл дэх өмгөөллийн даатгалтай холбоотой зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав өмгөөлөгчдийн ёс зүй, өмгөөллийн нууцыг чандлахтай холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өмгөөлөгчид болон өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын татвар төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тоон мэдээллийг тус тус тодруулж, ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм.

    Ингээд ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх