“Boeing”-оос нөхөн төлбөр шаардаж буй компаниудын тоо нэмэгдсээр байна

2019 оны 05 сарын 23
“Boeing”-оос нөхөн төлбөр шаардаж буй компаниудын тоо нэмэгдсээр байна

“Boeing” компанийн “737 Max” загварын онгоцоор нислэг үйлдэхгүй байгаатай холбоотойгоор тус компаниас нөхөн төлбөр шаардаж буй агаарын тээврийн компаниудын жагсаалтад БНХАУ-ын агаарын тээврийн гурван томоохон компани нэгджээ.

“CNN Business” сувагт лхагва гарагт мэдээлснээр, “Air China”, “China Eastern Airlines”, “China Southern Airlines” компаниуд “737 Max” загварын хоёр онгоц осолдсонтой холбоотойгоор уг загварын онгоцнуудаар нислэг үйлдэхийг зогсоосноос хойш гарсан зардлуудыг нөхөн төлүүлэхийг хүсэж байгаа ажээ. Дээрх компаниуд “Boeing” компаниас хэчнээн хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаагаа дурдаагүй байна.

“China Southern” компани  “737 Max” загварын 24 нисэх онгоцтой бол “Air China” компани 15 нисэх онгоцтой гэж компаниудын хэвлэлийн төлөөлөгчид мэдээлжээ. “China Eastern” компанийн хувьд уг загварын 14 нисэх онгоцтой ажээ.  

“Boeing” компанийн хамгийн борлуулалт сайтай “737 Max” загварын нисэх онгоцнуудаар нислэг үйлдэхийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хориглоод байгаа юм. Гуравдугаар сард “Ethiopian Airlines” компанийн “737 Max” загварын онгоц Аддис Абеба хотоос хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож, 157 хүн амиа алдсантай холбогдуулан уг загварын нисэх онгоцоор нислэг үйлдэхгүй байх шийдвэрийг Хятад улс хамгийн эхэнд гаргажээ. Энэ явдлаас тавхан сарын өмнө Индонезын агаарын тээврийн “Lion Air” компанийн нисэх онгоц Явагийн тэнгист осолдсоны улмаас 189 хүн амь насаа алдсан юм. 

Агаарын тээврийн компаниудын хувьд “737 Max” загварын нисэх онгоцнуудаараа нислэг үйлдэхгүй байгаа нь олон зуун сая ам.долларын зардлыг хэдийнэ учруулаад байна. “American Airlines”, “Southwest Airlines”, “Norwegian Air” компани уг шалтгааны улмаас учирсан зардлын хэмжээ 600 сая ам.долларт хүрээд байгаа тухайгаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

Эдгээр үйл явдал нь “Boeing” компанийн ашиг орлогод хэдийнэ нөлөө үзүүлж эхэлсэн бөгөөд тус компанийн орлого энэ оны эхний улиралд 21 хувиар буурсан юм. Дээр дурдсан хоёр осолтой холбоотойгоор агаарын тээврийн компаниуд нисэх онгоц захиалахаа больсонтой холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард “Boeing” компанид нисэх онгоцны шинэ захиалга ирээгүй байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх