Ч.Улаан: Цаг агаарын нөхцөл байдал, шатахууны үнийн өсөлт махны нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ савлахад хүргэсэн

2019 оны 05 сарын 14
Ч.Улаан: Цаг агаарын нөхцөл байдал, шатахууны үнийн өсөлт махны нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ савлахад хүргэсэн

Махны үнийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч, үнийн савалгаа үүссэн  тухай асуудал олон түмнийг бухимдуулаад байна. Бид энэ асуудлын учир шалтгааныг олж, шуурхай зохицуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг.  Энэ  хэрэглээг үндсэн гурван сувгаар хангаж байгаа. Нэгдүгээрт, нөөцийн махыг 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Хоёрдугаарт, "Хүчит шонхор" захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлэгдэж байна. Гурвадугаарт, хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байгаа. 

Хангамжийн байдлыг шалтгаант эх үүсвэрээр нь судалж үзэхэд улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулан гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтвортой байна. Өдөртөө 30 орчин тонн нөөцийн мах иргэдийн гар дээр очиж байна. Зах зээлийн дундаж ханшаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа. Цаашдаа бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд нийлүүлэлтийг урьд өмнөхөөс  хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөж, нийслэлийн удирдлагуудтай ярилцаж байгаа" гэсэн юм.

Мөн "Махны үнийн асуудалд өдөр тутмын хяналт тавьж ажиллах үүрэг НЗДТГ-аар дамжин хэрэгжиж байгаа. ХХААХҮЯ бол махны үйлдвэрлэл, нөөцлөлт, хангамжийг тогтвортой байлгах бодлогын асуудлыг хариуцаж ажилладаг" гэв.

Харин "Хүчит шонхор" захаар дамжиж зах зээлд шууд нийлүүлэгдэж байгаа махны өдөр тутмын нийлүүлэлтийн тухайд, "Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр махны нийлүүлэлтэд саатал гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн өдүүдэд орон нутгаар цаг агаар хүндэрсэн нь махны нийлүүлэлтэд нөлөөлсөн. Мөн шатахууны үнийн өсөлт, гарал үүслийн баталгаажилт хангагдаагүй гэх мэт шалтгаануудаас үүдээд зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн байдал 30-50 хувиар тасалдсан нь  нөлөөлж, үнэ савлахад хүргэсэн" гэсэн юм.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх