Амиа алдсан ажилчдын цогцсыг нь солиод оршуулсан байна

2019 оны 04 сарын 23
Амиа алдсан ажилчдын цогцсыг нь солиод оршуулсан байна

Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл тэдний гурвыг нь нутаглуулах ажил явдал өчигдөр болсон ч харамсалтай нь цогцсыг нь солиод оршуулсан байна.

Төв цэвэрлэх байгууламжид осол гарахад, тухайн үед цагдаагийн алба хаагчид таниулах ажил хийж, цогцсны уутан дээр нэрийг нь бичсэн. Тэр дагуу ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм байна. Тухайн үед алдаа гарснаас цогцос солигдсон гэж албаныхан ярьжээ.

ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд “Хэргийн газарт НЦГ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ШШҮХ-ийн шинжээч нар ажилласан. Хэргийн газар цогцос таниулах үйл ажиллагаа явагдаад уг цогцсыг уутанд хийж уутны гадна талд талийгаачдын овог, нэр дугаарыг нааж манай байгууллагад ирүүлсэн.

Талийгаач нарын цогцсыг сольсон харамсалтай явдал болжээ. Үүний дагуу манай Хяналт шалгалтын хэлтсээс дотоод аудит хийж байна. Ямар албан тушаалтан хариуцлагагүй хандсан бэ гэдэгт шалгалт хийж байгаа. Хариу гарахаар хариуцлагын асуудал яригдах байх. Талийгаачдын нэр хаана аа солигдов гэсэн асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Осол болсон хэргийн газраас цогцсыг өтгөн лаган дотроос гаргаж авсан.

Цагдаагийн байгууллагаас цогцос таниулах ажил хийгдээд талийгаачдын цогцсыг угааж цэвэрлэх ажиллагаа хийгдээд ар гэрт нь таниулах ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Осол гарсан өдөр нэг айл цогцсыг таньсан байдаг. Өнгөрсөн баасан гаригийн өглөө талийгаачдын ар гэрийнхэн цогцсыг “мөн байна” гэж таниад гарын үсгээ зураад шарилаа аваад явсан.

Гэтэл өнөө өглөө гаргах ёстой байсан шарил нь биш байна гэсэн асуудал үүслээ. Аль цогцос нь хэнтэйгээ солигдсон бэ гэдгийг шалгаж байна” гэжээ.
 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх