АНУ болон Турк санал зөрөлдөөнөө арилгаж чадсангүй

2019 оны 04 сарын 18
АНУ болон Турк санал зөрөлдөөнөө арилгаж чадсангүй

 Оросын зенитийн пуужингийн “С-400” системийг Турк улс худалдаж авахтай холбоотойгоор үүссэн санал зөрөлдөөнөө Вашингтон болон Анкара арилгаж чадаагүй тухай “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Уг асуудлаарх зөвлөлдөх уулзалт энэ долоо хоногт болсон байна.

“ОХУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг энэ зун байрлуулах Анкарагийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг АНУ болон Туркийн төлөөлөгчид мухардлаас гаргаж чадаагүй тухай албаны хүмүүс мэдээллээ" гэж тус сонинд гарсан мэдээлэлд дурджээ. Уг систем нь бүс нутагт сөнөөгч онгоцуудад нь аюул учруулж болзошгүй гэж Пентагон мэдэгдэж байгаа юм. Энэ сэдэвтэй холбоотой асуудлыг АНУ болон Туркийн төлөөлөгчид Вашингтон хотод хэлэлцсэн аж. Уг сэдвийг мөн Туркийн Сангийн сайд Берат Албайрак АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай даваа гарагт уулзах үеэрээ хөнджээ.

 “С-400” системийг худалдан авсантай холбогдуулан Америкийн тал Анкарагийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй хэмээн найдаж буйгаа Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Ибрагим Калын илэрхийлснийг “The Wall Street Journal” сонинд дурджээ. “Турк улс аюулгүй байдалдаа санаа тавьж, анхаарах үндэслэлтэй гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Анкара мөн Америкийн зенитийн пуужингийн “Patriot” системийг худалдан авах боломжийг үгүйсгэхгүй, гэхдээ энэ систем нь “С-400”-г орлохгүй гэдгийг Калын онцлон дурджээ.

Турк улс ирэх хоёр эсвэл гурван сарын хугацаанд С-400 системийг байрлуулж эхэлж магадгүй байна. “Энэ нь маргаантай асуудлыг шийдэхэд маш бага хугацаа үлдээж байгаа” гэдгийг “The Wall Street Journal” сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Турк болон ОХУ “С-400” системийг худалдан авах хэлэлцээ хийсэн тухай 2016 оны 11 дүгээр сард ил болсон. Холбогдох гэрээг байгуулсныг ОХУ 2017 оны есдүгээр сард нотолсон бол урьдчилгаа төлбөрийг хэдийнээ хийсэн гэдгийг Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдээлжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх