Жолоодох эрхгүй 15 настай хүүхэд машин барьж яваад онхолджээ

2019 оны 04 сарын 08
Жолоодох эрхгүй 15 настай хүүхэд машин барьж яваад онхолджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд нийт 555 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд хоёр хүн, орон нутагт гурван хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна. Тухайлбал,

Өнгөрсөн бямба гаригийн 13 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, “Шатан” гэх газар шороон замд T.Passo маркийн автомашин нь Чансаа маркийн, улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 57 настай О-н амь нас хохирч, арван настай Г гэмтсэн байна.

Мөн өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Тахилтын зам, нэгдүгээр автобусны буудлын замд T.Platz маркийн автомашины жолооч, 15 настай Д нь жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, өөрөөс нь гадна нэг хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж буй.

Өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр /2019.04.07/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, "Хүй 7 худаг"-ийн замд H.Sonata маркийн автомашин онхолдож, 55, 58 настай хоёр зорчигчийн амь нас хохирчээ. Хүний амь нас хохирсон гэмт хэргийн 60 орчим хувь нь онхолдох хэлбэрээр гарч байгаа бөгөөд энэ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэнээс шалтгаалж байна.

Хяналт шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж нь T.Estima маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх