ХЭҮК-ийн 17 удаагийн илтгэлийг анхаарч үзсэн бол…

2019 оны 03 сарын 29
ХЭҮК-ийн 17 удаагийн илтгэлийг анхаарч үзсэн бол…

ХЭҮК-оос хүний эрхийн талаар 17 удаа илтгэл өргөн барихдаа 13-т нь  “Монголд эрүү шүүлт байна” гэдгийг танилцуулж байжээ. Өөрөөр хэлбэл, 2014 оноос эрүү шүүлт газар авсныг тухай бүрт нь мэдээлж, С.Зоригийн хөнөөсөн гэх хэргийг 2015 оноос анх шалгаж эхлэхэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ирүүлсэн гомдол, хүсэлт, ил захидлыг ч ҮАБЗ-д хүргүүлж байж.

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ: Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүй танилцана.
 

Тэр үед УИХ, ҮАБЗ юу хийж  байсан юм бол. 2015 онд Ц.Элбэгдорж Төрийн тэргүүн байсан, 2017 оноос Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тухайн үед хүч хэрэглэж, гүтгэж, хэрэг хүлээлгэх гэж байна, эрүүдэн шүүж байна гэсэн захидлыг Б.Содномдаржаа ч, түүний ээж Л.Жавзмаа ч ирүүлж байсан. Шалгая гэж хэн нь ч хэлээгүй. 2012 -2016 онд З.Энхболд, 2016 -2017 онд М.Энхболд УИХ-ын даргаар ажилласан. Г.Занданшатар саяхан УИХ-ын дарга болсон. З.Энхболдын үед Ц.Оюунгэрэл, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд хорих ангид очиж, эрүүдэн шүүлт байна. Б.Булганы өрөөнд 00  байхгүй, хоригдож буй эрчүүдийн нүдэн дээр бие засуулж байсан. Эрүү шүүлт явуулсан байж болзошгүй асуудал байгааг гаргаж тавьж байсан ч  авч хэлэлцээгүй. М.Энхболдын үед ч УИХ анхаарал хандуулаагүй. 2015-2016 онд Ч.Сайханбилэг, 2016-2017 онд Ж.Эрдэнэбат Засгийн газрыг тэргүүлж байсан, хэн ч хүний эрхийн асуудалд анхаараагүй. У.Хүрэлсүхийн тухайд одооноос энэ талаар ярьж байгаа. Үндсэндээ хоёр Ерөнхийлөгч, гурван УИХ-ын дарга, хоёр Ерөнхий сайдад эрүү шүүлтийн талаар уламжилсан атал ноцтой асуудал гэж үзээгүйгээр үл барам огт тоолгүй өнгөрүүлсэн байгаа юм. Түүнд нь эрдсэн ТЕГ, шүүх, прокурор, мөрдөн байцаах газар, ШШГЕГ-ын ажилтнууд энгийн иргэдийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг зохиомлоор илрүүлсэн нь тогтоогдлоо.

ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч даргалж, гишүүдэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр багтдаг. Өөрсдийн эрхийн дагуу тухайн үед С.Зоригийг хөнөөсөн гэх нууцын зэрэглэлтэй “хавтаст хэрэг”-ийг судалж, гүйцэтгэх ажиллагааны талаар шалгаж үзсэн бол асуудал аль эрт шийдэгдчихсэн байх сан. Өнөөдөр АТГ хэрэв  гүйцэтгэх ажиллагааны бичлэгийг олж, эрүүл шүүлт явуулсныг тогтоогоогүй бол хавтаст хэрэг тавилттай жүжгээр хөшгөө хааж, эрүү шүүлтийн бичлэг ч устах байжээ.

Өнөөдөр Монголын төр “Үнэхээр итгэмээргүй, хар дарсан зүүд биш байгаа даа” хэмээн толгой сэгсэрч байна. Хаалттай танхимд эрүү шүүлтийн  бичлэгийг үзсэн УИХ-ын бүх гишүүн айдас хүйдэст автаж, үг ч хэлэх сөхөөгүй ээрч муурч гарч ирцгээсэн. Тэдэнд үзүүлсэн зургаахан цагийн бичлэгт ёс суртахууны хувьд хүнд үзүүлж болох наад захын яргалал, дэглэлтийг л харуулсан. Хүнд бөгөөд  хамгийн харгис  яргалал, зандалчлалыг бол үзүүлээгүй, прокурор нь зөвшөөрөөгүй юм гэсэн. Одоо бичлэгийг ард түмэнд нээлттэй үзүүлэх үү, байх уу гэдгийг Монголын төр, ҮАБЗ нь ч шийдэж чадахгүй  байна. Гэхдээ зарим намын дарга, УИХ-ын гишүүд өөр өөрийн байр суурийг бол хэлж байгаа. Тухайлбал, О.Баасанхүү гишүүн “Энэ бичлэгийг олон нийтэд үзүүлэх ёстой. Гэхдээ шууд дэлгэж болохгүй. Өндөр настай ээжид нь хүү хэрхэн хоригдож байсныг харуулах хэрэггүй. Үр хүүхдүүдэд нь эвгүй” гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ “Бичлэгийг үзээд эмгэнэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өмнө нь юу хийж байсан юм бэ. Өөрийнх нь удирдлагад байгаа байгууллагад хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж байхад юу хийж байсан юм бэ. Нэг удаа сайдаар ажиллаж байсан бол яая гэх вэ. Мэдээгүй, алдсан байж болно. Гэтэл таван удаа сайд болсон. Монголын хуулийн салбарыг 20 гаран жил удирдлаа. Түүнд эрүүдэн шүүх процессыг өөрчлөх, саатуулагдсан этгээдүүдийн эрхийг хамгаалах бүрэн боломж байсан. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жил хуулийн салбарыг толгойлсон Ц.Нямдорж гэдэг хүн юу хийсэн бэ гэдгийг харуулсан бичлэг” гэж мэдэгдэв. Үйл явдлын мөрөөр Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимээгийн ах Т.Хүрэлбат нартай холбогдож цөөн асуултад хариу авсан юм.

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: АТГ-ын шударга ажилтнуудад баярлалаа

-ХЗДХ-ийн сайд та бүхнээс уучлал гуйж, хилс хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгааг мэдээлсэн. Та хүүгээ эргэж очсон уу?

-Эмнэлэг рүү нь очсон ч уулзуулах болоогүй гэсэн. Биеийнх нь байдал тун тааруу байгаа. Төв аймагт хоригдож байхаас л хүүд минь  хортой зүйл өгсөн шиг санагддаг, байнга дотор нь муухайрч, ходоод нь өвдөж бөөлждөг болсон. Муу хүү минь насаараа эмнэлгээс салахгүй болчих шиг боллоо.

-Эрүү шүүлтийн бичлэгийг УИХ-ын гишүүд үзээд айж жихүүцсэн тухай та дуулсан уу?

-Хүү минь шоронгоос захиа хүртэл бичиж байсан. Чихийг нь огтолно, нүдийг нь сохолно гэж дарамталдаг. Сандалд суулгаад гарыг нь хүлж байгаад зоддог. Ц.Амгаланбаатар камерт нь орж шээс, баасаараа цацаж хэрэг хүлээлгэх гэж зандалчилдаг байсныг хүү минь надад өөрөө хэлж байсан. Би энэ тухай УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Өргөдлийн байнгын хороо, Нийслэлийн шүүх, прокурор, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, ТЕГ, ЦЕГ гээд бүх газарт хандаж 108 захиа бичсэн дээ.

-Хүүгээ харихад нь яаж хүлээж авах гэж байна?

-Юуны өмнө хүүг минь буруугүй болохыг олж тогтоосон, эрүү шүүлтийн бичлэгийг илрүүлсэн АТГ-ынханд их баярлаж байна. АТГ-ын залуус тэр бичлэгийг илрүүлээгүй бол аймшигт хар хэрэг үүрч шоронд хилсээр амиа алдах байсан байх. Энэ хэрэгт анхаарч байсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нарт баярлалаа. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд дотроос хамгийн үнэн, зөв мэдээллийг хурдан шуурхай хүргэж байсан “TV-9” телевиз, “Зууны мэдээ” сонины уран бүтээлчдэд баярлаж явдгаа илэрхийлье. Хүүгээ эрүүл саруул, элэг бүтэн сайхан амьдраасай гэж боддоггүй эх хүн байхгүй. Ирэхээр нь хэрдээ л тав тухтай байлгана гэж бодож сууна.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Эрүү шүүлт явуулсан ч хэрэг хүлээгээгүй ганц хүн нь миний дүү

-Та дүүтэйгээ уулзсан уу?

-Уулзаагүй л байна. Эмчлүүлж байх хугацаанд түр хүлээ гэсэн. Нойр булчирхай, ходоод, элэг нь өвдсөн, гэхдээ сайтар эмчилж байгаа гэж эмч хэлсэн.

-Т.Чимгээ эрүү шүүлтийн талаар танд хэлж байсан уу?

-Эрүү шүүлт явуулсан ч хэрэг хүлээгээгүй ганц хүн нь миний дүү. Мөрдөн байцаалтын явцад эрүү шүүлт хэрэглэсэн. Нөхрийг нь 14 хоног хорих үед Мөнхгал гэгч нөхөр байцааж “Чи эхнэртэйгээ дахин нэг гэрт амьдрахгүй. Чамайг алаад барилгын хундааманд хийнэ” гэж хэлдэг байсан. Дүүгээс шинжилгээ авна гэж аваачсан эмэгтэй хоёр шил пиво гаргаад хоёулаа уугаад ярилцая гэдэг байсан гэнэ лээ. Дүүгийн минь болон ар гэрийнхэн, ах дүүс бидний амьдрал там болсон, том нь ээжийнхээ араас хөөцөлдөж яваад осолд орж амь насаа алдсан. Өндөр настай ээж минь байнга даралт нь ихэсч эмнэлэгт хэвтдэг болсон. Дүү минь Төв аймгийн шоронд байхдаа цайгаараа дотуур хувцсаа угааж өмсдөг байсан гэсэн. Мөн Ц.Амгаланбаатар камерт нь орж дарамталж айлгадаг байсан гэнэ лээ.

Эрүүдэн шүүсэн хэргийн эргэн тойронд өнөөдөр ийм мэдээллүүд яригдаж байна. Ер нь бол нэг юм болохоор л Монголын төр дээр доргүй шогширч, “дүүжин, даажин” шиг савлаж бөөн давалгаа үүсгэдэг. Уг нь Монголын төр шат шатанд ажлаа зарчмын дагуу хийж ирсэн бол энэ хэрэг ч, хуулийн салбар ч  иймдээ тулчихгүй байсан болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх