Израилийн арми Газын зурваст дахин цохилт өгчээ

2019 оны 03 сарын 26
Израилийн арми Газын зурваст дахин цохилт өгчээ

Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харвасны хариуд тус улсын арми Газын зурваст мягмар гарагт дахин цохилт өгчээ.

“Израилийн Батлан хамгаалах армийн сөнөөгч онгоцууд Газын зурвасын төвийн хэсэг дэх ХАМАС хөдөлгөөний цэргийн хуарангуудад цохилт өглөө. Израилийн танкууд болон нисдэг тэргүүд мөн ХАМАС-ын цэргийн байрлалуудад цохилт өгсөн. Энэ бол манай улсын нутаг дэвсгэр рүү пуужин харвасны хариу юм” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Даваа гарагт гал түр зогсоох тухай мэдэгдсэний дараа Палестины хэт давруу үзэлтнүүд мягмар гарагт шилжих шөнө Израилийн өмнөд нутаг руу 30 орчим пуужин харвасан гэж тус улсын армийн хэвлэлийн алба урьд нь мэдээлжээ. Пуужин харвасны хариуд Израилийн цэргүүд Газын зурвас дахь цэргийн 15 байг устгасан байна.

Гуравдугаар сарын 25-ны өглөө Газын зурвасаас харвасан пуужин Израилийн нийслэл Тель-Авив хотоос хойд зүгт төвийн нутагт орших Мишмерет суурингийн орон сууцанд туссаны улмаас долоон хүн шархаджээ. Израилийн арми мөн өдрийн орой ХАМАС хөдөлгөөний байрлалуудад хариу цохилт өгч эхэлсэн байна.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурваст үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-д хийж буй айлчлалаа цуцлахаас аргагүйд хүрсэн юм. Тэрбээр Израилийн цагаар мягмар гарагийн шөнө Вашингтон хотоос нисчээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх