Сарны хөрсний дээжийн судалгааг үргэлжлүүлнэ

2019 оны 03 сарын 13
Сарны хөрсний дээжийн судалгааг үргэлжлүүлнэ

"Аполлон" хөтөлбөрийн хүрээнд Америкийн сансрын нисгэгчид 50 жилийн өмнө дэлхийд авчирсан сарны хөрсний дээжийн судлагдаагүй хэсгийг тус улсын эрдэмтэд судлахаар болжээ. Энэ тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ тэргүүний судалгааны асуудал хариуцсан туслах Томас Зурбукен мэдэгдсэн байна. 

Телевизийн “CNN” компанийн мэдээлснээр, сарны хөрсийг судлах судалгааны есөн баг байгуулж, 8 сая ам.доллар төсөвлөсөн болохыг тэрбээр NASA-гийн сар болон Ангараг гарагийг судлах хөтөлбөрт зориулсан бага хурлын үеэр мэдэгджээ.

“Шинэ залуу эрдэмтэд сарны энэ дээжийг анх удаа судалснаар манай гарагийн дагуул дээрх хувьслыг илүү сайн ойлгоход тус дөхөм болно. Дээжийг дэлхийн хамгийн шилдэг лабораторид судална” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Америкийн эрдэмтэд "Аполлон-17" хөлгийн багийн гишүүдийн 1972 онд сарны гадаргууг өрөмдөж авсан 1.8 фунт буюу 0.816 кг жинтэй дээжийг судлах аж. Энэ дээжийг тусгай битүүмжилсэн саванд хийж авчирсан бөгөөд дэлхийн агаар мандалд огт ил гаргаагүй байна. Уг дээжийг Техас муж улсын Хьюстон хотын Жонсон Линдоны нэрэмжит Сансрын нислэгийн төвд хадгалж байгаа аж.

NASA агентлагийн мэдээлснээр, 1969-1972 онд "Аполлон" хөтөлбөрийн хүрээнд сарны гадаргуугаас нийтдээ 382 кг дээж авчирчээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх