АНУ Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

2019 оны 02 сарын 02
АНУ Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

АНУ Венесуэлд хүмүүнлэгийн тусламж илгээхээр төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

"Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хуан Гуайдо холбогдох хүсэлт гаргасны дагуу болон түүний албан тушаалтнуудтай зөвшилцсөний үндсэн дээр АНУ Венесуэлийн ард түмэнд эм хэрэгсэл, мэс заслын багаж, хэрэгслүүд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг илгээж, хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Мадурогийн огцрох цаг нь болсон” гэж тэрбээр бичсэн байна.

Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ. Мөн энэ өдөр АНУ, Лимагийн бүлгийн улсууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон бусад хэд хэдэн улс түүнийг түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн юм.

Венесуэлийн нефть олборлогч "PDVSA" компанийн эсрэг Вашингтон нэгдүгээр сарын 29-нд хориг тогтоож, АНУ-ын банкууд дахь Венесуэлийн хөрөнгийн зарим хэсэгт хяналт тавих эрхийг Гуайдод шилжүүлэн өгчээ.

Хэрэв Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро найм хоногийн дотор сонгууль явуулахаа мэдэгдэхгүй бол Гуайдог түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрнө гэж Их Британи, Герман, Испани, Нидерланд, Франц зэрэг Европын орнууд нэгдүгээр сарын 26-нд мэдэгджээ. Харин ОХУ, Беларусь, Болив, Иран, Хятад, Куба, Никарагуа, Сальвадор болон Турк улс Николас Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Хямралыг зохицуулах яриа хэлэлцээ хийхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх