Мялзан өвчтэй 314 гахайг устгажээ

2019 оны 01 сарын 21
Мялзан өвчтэй 314 гахайг устгажээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт гахайн мялзан өвчтэй 314 гахайг устгасан талаар НМХГ мэдээллээ.
Мөн Нийслэлийн засаг даргын захирамжаар НМХГ ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн долоо хоногт хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ажилладаг ААН-үүдэд 72 цагийн эрчимжүүлсэн хяналт шалгалт хийжээ. Энэ хугацаанд ААН-үүдээс нийт 3.3 тонн гахайн мах хураан авч, устгасан байна.
Энэ сарын 15-нд Улсын онцгой комисс хуралдаж БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглохоор шийдвэрлэсэн бөгөөд гахайн мах импортлогч 10 ААН-д мэдэгдэл өгч, агуулахыг нь лацдаад байсан юм. Тэдгээр ААН-ийн бүтээгдэхүүнээс 40 дээж авахад урьдчилсан байдлаар сөрөг дүнтэй буюу мялзан өвчин илрээгүйг мөн мэдээллээ. 
Гахайн мялзан өвчин нь гахайнаас гахайнд халддаг, өндөр халуурах, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэс үрэвслээр илэрдэг, эд эрхтний үхжил үүсгэдэг гоц халдварт өвчин юм. Хэдийгээр хүнд халддаггүй ч гахайн мах, өөх, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэхийг зөвлөв.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх