Вашингтон хотыг сонгон аялах жуулчдын тоо буурчээ

2019 оны 01 сарын 18
Вашингтон хотыг сонгон аялах жуулчдын тоо буурчээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниудын утсанд дуудлага ирэх нь ховордож, зочид буудлуудын захиалга буурсан байна.

АНУ-ын Засгийн газар түүхэнд хамгийн удаан хугацаагаар түр зогсож буйн улмаас холбооны байгууллагуудын ажилтнууд цалингүй чөлөө авч, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг музей, цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалгаа барихад хүрсэн билээ. Үүний улмаас жил тутам 20 сая гаруй жуулчин татдаг Вашингтон хотод үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрчээ.

Нэгдүгээр сард тус хотоор аялдаг жуулчдын тоог бусад сарын үзүүлэлттэй харьцуулахад бага байдаг боловч энэ онд улам цөөрсөн ажээ. Смитсоны 17 музей бүгд хаалгаа барьж, Цагаан ордон жуулчдыг нэвтрүүлэхээ зогсоосон байна.

Аялал жуулчлалын компанийн эзэн Адам Плескиа хэлэхдээ, компанийн утсанд маань илүү олон дуудлага ирвэл баярлах болно, хүмүүс захиалга өгөхдөө илүү болгоомжтой ханддаг болсон бололтой гэжээ. Мөн Вашингтон хотоор жуулчдад хөтөч хийдэг Ёханнес Зекелегийн хэлснээр, сүүлийн хэдэн өдрүүдэд түүнд ямар ч захиалга ирээгүй ажээ.

АНУ-ын Зоогийн газруудын нийгэмлэгийн мэдээлснээр, түр зогсолтын хугацаанд зарим газрууд ажиллах цагаа багасгаж, долоо хоногийн нэг өдөр ажиллахгүй байх зэрэг шийдвэрийг гаргасны улмаас энэ салбарын борлуулалтын хэмжээ дунджаар 20 хувиар буурсан аж.

Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-наас энэ оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд жуулчдын өгсөн зочид буудлын захиалгыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар буурсан гэж аялал жуулчлалын чиглэлээр судалгаа явуулдаг "Destination DC" байгууллагын судалгаанд мэдээлжээ. 

Хэрэв Засгийн газрын түр зогсолт үргэлжилсээр байх аваас жуулчид Вашингтон хотыг сонгон аялах нь буурч, зорьж ирсэн хүмүүсийн хувьд сэтгэл дундуур буцах нь гарцаагүй болоод байгаа ажээ. 

2017 онд Вашингтон хот гадаадын 22.8 сая жуулчин татаж, үүнээс 7.5 тэрбум ам.долларын орлого олж байсан байна. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх