Яллагдагч Б.Батзоригийн ярьсан шиг ЖДҮХС-гийн зээлийг журмаар нь олгосон бол 40 гаруй прокурор хоёр сарын турш тэнд шалгаад сууж байх уу.

2019 оны 01 сарын 11
Яллагдагч Б.Батзоригийн ярьсан шиг ЖДҮХС-гийн зээлийг журмаар нь олгосон бол 40 гаруй прокурор хоёр сарын турш тэнд шалгаад сууж байх уу.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхий прокурорын өргөн мэдүүлсэн УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж байна. Гишүүн бүрийн асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж байна.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж, гишүүдийн олонхи нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг нь дэмжсэнгүй. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа бүрэн эрхтэйгээ үлдэж байна. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авсныг хүргэж байна.

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Яагаад гишүүдийн асуудлыг багцалж оруулж ирээгүй юм бэ. Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтээс харахад дахиад гишүүдийн асуудал орж ирэх юм байна гэж ойлголоо. 

-Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Үйлдэл болгоныг тусдаа шалгаж байгаа. Ер нь тус тусдаа хүний асуудал яригдаж байгаа учраас тус тусдаа л оруулж ирэх нь зүйтэй юм. Ард түмний тэгш байдалд албан тушаалаа ашиглан халдаж байгаа хэрэг. Тиймээс ард иргэдийн тэгш байдлыг алдагдуулсан гишүүдийг шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн.

Үнэхээр яллагдагч Б.Батзоригийн ярьсан шиг ЖДҮХС-гийн зээлийг дүрэм журмаар нь олгосон юм бол 40 гаруй прокурор бүтэн хоёр сарын турш тэнд шалгаад сууж байх уу. Гэтэл бидэнд шалгах том хэргүүд хүлээгдэж байна. Оюутолгой, Дубайн гэрээ, та нарын ярьдаг Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондын асуудал гээд асар олон шалгалтын асуудал тэнд явагдаж байна. Гэтэл тэнд чинь шалгадаг хүн үнэхээр хүрэлцэхгүй байна. Нийтдээ 34, 35 хүн бүх бичиг баримтыг шалгаж байна ш дээ. Үнэхээр хүн хүч хүрэхгүй байгаа. Шударга ёсыг тогтоох гэж байгаа байгууллагадаа ядаж хэдэн орон тоо шийдээд өгөхөд Монголын Улсын төсөвт дарамт учруулахгүй байх гэж бодож байгаа. Тиймээс дараа нь энд чиглэл Тогтоолыг төслийг оруулж ирнэ.

ЖДҮХС-гийн зээлд холбогдсон нь хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаад иргэдээс боломжийг нь булаачиж байгаа асуудал шүү дээ. Энэ асуудал цаашдаа ингэж явж болохгүй гэдэгт би хатуу зогсч байгаа. Энэ том танхимд байгаа 76 гишүүн дотроос хэд нь ч орж ирэхийг мэдэхгүй байна. Гэхдээ энэ дотроос нэлээдгүй олон хүн байцаагдсан. Зарим нь асуудалгүй, холбогдолгүй гээд учраа ярьсан гэж сонсогдсон. Зарим нь байцаалтынхаа дараа ална, хядна, “Чи их хурлын гишүүнийг байцаадаг хэн бэ” гэж утсаар байцаагчийг дарамталсан асуудал гарсан байна лээ. Би дараагийн удаа тодорхой гишүүдийг оруулж ирэхдээ илүү тодорхой асуудлыг ярина.

Гишүүдийн хэн нэгэн сонгогчийнхоо хүсэлтийг уламжилсан асуудлыг хамааруулаагүй. Харин эрх мэдлээ ашиглан өөрөө болон хамаарал бүхий этгээддээ зээл авч өгсөн асуудлыг ярьж, хэрэг үүсгэж байгаа юм. 1041 төсөл ирүүлснээс 134 төсөлд зээл өгсөн байна. Гэхдээ зээл өгсөн төсөлд дээр сонгон шалгаруулалт зарлаагүй, материал бүрдүүлэлт дутуу, зорилтот бүлэгтээ хүрээгүй байна. Шаардлага хангаагүй төслүүдэд өгсөн.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан

-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдөр уг нь ЖДҮ-чдийг шүүх ёстой л доо. Гэтэл сүүлдээ прокуророо шүүгээд эхэллээ. Танд ямар нэгэн дарамт шахалт ирж байгаа байх. Энэ ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн мөнгөн дүн яагаад 950 сая гэж ижил байгаад байгаа. Энэ зохион байгуулалттай, бүлэг гэмт хэрэг юм биш биз дээ. Гуравт, өчигдөр жагссан гишүүдийн яриад байгаа шиг Монгол үнэхээр мафийн бүлэг байна уу?

-Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Надад ажлаа хийхэд ямар нэгэн дарамт шахалт ирээгүй. Цаашдаа ажлаа хэвийн хийгээд явна гэж бодож байгаа.

Бүлэг хэрэг гэдэг дээр нотлох баримт тогтоогдоогүй учраас шууд тэгж хэлэх боломжгүй. Гэхдээ энэ санхүүжилт хэрхэн батлагдаж, ямар замаар олгогдсоныг та бүхэн бүгд мэдэж байгаа. Тиймээс өнөөдөр энэ талаар би яримааргүй байна. Харин мөрдөн шалгалтын үед бүлэг гэмт хэрэг гэдэг нь тогтоогдвол би энэ танхимд ярина.

Мафи байна уу, байхгүй юу гэдгийг би мэдэхгүй. Харин улсын мөнгө, төсвийн мөнгийг завшдаг хэсэг бүлэглэл бий шүү. Одоо үүнийг чинь зүгээр хараад суухгүй. Би энэ бүхэнтээ цаашдаа би хатуу тэмцэнэ гэдгээ харин хэлье, та бүхэн дэмжиж ажиллаарай.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх