Тэр өөрийгөө рекламдахыг мэддэггүй

2018 оны 12 сарын 12
Тэр өөрийгөө рекламдахыг мэддэггүй

Энэ бол элдэв захиалгат бичлэг биш, хувийн бодол юм шүү. 


М.Энхболд гэдэг хүн эргэн тойрноо тэвчих асар их тэвчээрээс өөр юу ч мэддэггүй мэт. Харин хүмүүс энэ хүний тухай үзэн ядахаас өөр юу ч мэддэггүй мэт... Яг энэ цаг үед яагаад түүний тухай мэддэгүүд нь дуугарахгүй байна вэ? Эсвэл тэр дарга болохоороо өөрийн хүмүүсээ “Битгий миний тухай дуугар, битгий намайг хамгаалсан, миний тухай үнэнийг хэлсэн нэг ч үг ангай” гэсэн юм болов уу? Түүний дэргэд ажиллахаар боллоо гэхэд минь олон мундаг эрхмүүд “түүн шиг нөлөө бүхий хүний дэргэд очсон чинь болжээ” гэж хэлж, олон хүн намайг “яаж тэр мундаг хүний дэргэд ажиллахаар болж чадав” гэсэн нүдээр хардаг байсныг санаж байна. Түүний дэргэд байна гэдэг хүмүүсийн хувьд ийм л чухал, нэр төрийн хэрэг байсан бололтой. Харин өнөөдөр яагаад тэр хүнээ өмөөрдөггүй юмаа гэхэд, түүнийг худлаа магтдаггүй юмаа гэхэд “Энэ чинь ийм хүн байгаа юм аа” гээд зүгээр л өөрийнх нь тухай дуугарчих хүн ховорхон байгаа юм бол доо. Би олоон жил хамт ажилласан бол, түүнийг маш сайн мэддэг байсан бол хүнийх нь тухай сайхан бичих юмсан, хүмүүст энэ хүний дотоод мөн чанарыг нээж харуулахсан. Даанч би юу ч мэддэггүй хүний тоонд орно л доо. Тэгсэн ч түүний тухай бүлх залгисан мэт дуугүй өнгөрч бас чадахгүй нь. Мэдээж, олон жил дэргэд нь ажиллаагүй болохоор нарийн ширийн зүйл юу ч хэлж чадахгүй, харин өөрийн хариуцаж байсан ажил талаасаа харж мэдэрч байсан зүйлүүдээ өчүүхэн ч болов хуваалцмаар санагдлаа. Би түүний хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг хариуцаж үзсэн юм. Харамсалтай нь, санаснаа хэрэгжүүлэх боломж энэ ажлыг хийсэн тэр хэдхэн сард огт олдоогүй билээ.

Тэр PR-аа ч олигтой хийчихэж мэдэхгүй. Ядахдаа л Ерөнхий сайд шиг “Баярлалаа. У.Хүрэлсүх”, “Уучлаарай. У.Хүрэлсүх”, “Сигналдахаа больчихооч. У.Хүрэлсүх” гээд захын телевизээр улсын мөнгөөр өдөртөө хэдэн арван удаа цацаж байгаа шиг нь өөрийгөө “зад” рекламдчихаж чаддаггүй. Ц.Элбэгдорж шиг уран цэцэн ярьж, Н.Энхбаяр шиг инээмсэглэж мэддэггүй. Хэлэх юм байвал хэлнэ, байхгүй бол дуугай л сууж байна. Хэвлэлийнхэнтэй ч ажиллаж мэддэггүй хүн. Улстөрчдөөс хэвлэлийнхнийг хамгийн их шүүхэд өгсөн хүн нь тэр байдаг юм билээ. Бусад нь их сайн улстөрчид болоод, түүнээс илүү мундаг болохоороо, элдэв фаакт, ноогүй болоод хэвлэлийнхэнтэй сүрхий байдаг ч юм биш. Тэр ганцаараа их муу хүн болоод хэвлэлээр “цоллуулаад” байдаг ч юм биш. Зүгээр л, тэр бусадтайгаа адилхан их хэмжээний мөнгө төсөвлөөд хэвлэлийнхэнтэй гэрээ хэлцэл байгуулаад, эсвэл элдэв дайллага цайллага, айлчлал зугаалганд хэвлэлийнхнийг оролцуулж татаад явдаг хүн биш. Тэгэж мэддэггүй юм. Түүнийг намын дарга байх үед МАН-ын даргын яриа сонинд гарах бүрийд сонинууд төлбөрийг нь авах гэж араас нь удаан явдаг, намын санхүү дээр нэхэмжлэхээ бариад л зогсож байдаг байв. 

Гадаад, дотоодын олон PR-чид элдэв цаас, технологи барьж түүн рүү их ч гүйсэн байдаг. Газрын наймаачин, хужаа гэдэг нэр хочноос нь салгах тухай өчнөөн санаагаар ширээг нь дарж байсан байх. Тэр гэвч алийг нь ч хэрэгжүүлээгүй. Ардчилсан намын PR-ч гэх нэг нөхөр хүртэл технологи боловсруулчихаад сэм сэмхэн уулздаг л байсан гэдэг. Нам дотор нь ч арга технологиуд бодож олох гэж янз янзын санаа оноо боловсруулсан нөхөд олон бий. Түүний хувьд эднээс аль олигтойг нь шүүрч аваад элдэв нэр хочноосоо салбал аль хэдийнэ салчихаар л цаг хугацаа өнгөрч одсон. Гэвч тэр тийм зүйл хийж мэддэггүй.


Тэрээр бас бусадтай адил масст сайхан харагдах гэж хичээдэггүй, энгийн байж бусдын хайрыг татна гэж бүүр ч мэддэггүй. Ганц удаа Төрийн ордноос МАН-ын байр луу алхаж явахдаа гарцгүй газраар зам гарч яваа зургийг нь авсан нөхрийг харчихаад их сандарсан байсан юмдаг. Өөр улстөрч байсан бол “ард түмэнтэйгээ адилхан алхаж явна” гээд л далимдуулан бөөн PR хийгээд авна. Харин мань эр болохоор тэгэж мэддэггүй. МАН-ын үе үеийн дарга нар дотроос хамгийн чимээ имээгүй, ирж явж байгаа нь ч мэдэгддэггүй, нууцлаг удирдагч нь. Тэрээр намын байраараа орж гарч байгаа хүмүүстэй зориуд таараад тав арван үг тааваараа солиод өнгөрч болох ч тэгдэггүй, үүнээс өөртөө ирэх, өөрт нь тусах PR-ын “ач тус”-ыг ч мэддэггүй.
Тэр олон зүйл өөргүйгээр нь хэрнээ, өөрийнх нь эргэн тойронд “паразиталж” шавсан шимэгчдийн шунал, дэвээр өрнөж байдгийг мэддэггүй. Энэ “шимэгч хорхойнууд” Монгол төрийн хамгийн өндөр албан тушаал, эрх мэдлүүдээс эхлээд хамгийн их тоогоор яригдах мөнгө, хөрөнгө бүгдийг эзэмшиж байна. Харин тэр өөрөө энэ бүгдийг “мэдэхгүй”-гээр “Би газар наймаалаагүй”, “Би албан тушаал, 60 тэрбумд хамаагүй” гэж байгаа байх. Түүнийг тойрон хүрээлэгчид нь “бүтээжээ”.


Түүнийг “бүтээсэн” эдгээр тойрон хүрээлэгчид нь 100 хувь журмын нөхөд нь биш. Тэр дайснуудаа ч дэргэдээ авч чаддаг өвөрмөц хүн. Түүнийг нууцаар хэвлэлээр муулж зориуд бичүүлж байсан хүнийг хүссэн албанд нь томилж орхисон. Нөгөө этгээд өөрийнхөө хийсэн муухай зүйлийг дарга нь мэдээгүй гэж одоог хүртэл бодож яваа. Харин энэ үйлдлийг нь тухайн өдөрт нь мэдсэн ч тэрээр өнөөг хүртэл нөгөөхийг “тааваар нь тарвалзуулж” байгаа. Мундаг чадвар шүү. Түүнийг чоно мэт, өөрийгөө хонь мэт боддог байсан бас нэг нөхөр ч өнөөдөр өөрт нь учиргүй дотно хүн нь болчихсон саймширч явах юм. Санаа зовтол “пялдаганах” тэднийг тэрээр мэддэг л байж таарна. Гэвч үүнийгээ ил гаргадаггүй санагддаг.


Түүнийг бас дандаа муу хүн тойрон хүрээлдэггүй. Ажлаа яв цав мэддэг, тухайн салбартаа шигшигдсэн хүмүүс ч олон бий. Тэр хүмүүс харин түүнд төвөг учруулахыг хүсдэггүй. Тийм хүмүүс дор дорын ажлаа л сайн хийгээд явахыг хичээдэг болохоос “даргад таалагдах”, “даргын өрөөгөөр орж гарах” гэдгийг угаасаа мэддэггүй юм билээ. Саяхан тийм хүмүүсийн нэгтэй таарахад “Биднийг ажилд томилогдоход дарга “Та нар тус тусын салбарынхаа ажлыг л сайн хий, өөр хэлэх юм байхгүй” гэж хэлсэн” гэдэг үгийг сонссон юм даг.


Тэр олон зүйлийг мэддэггүй ч түүний хамгийн сайн мэддэг зүйл нь өөрийнх нь итгэл үнэмшил, түүндээ бат зогсдог асар их тэвчээр юм. Тэрээр МАН-ыг хэн ч тоодоггүй цөөнх байхад, олон хүн зугтаж байхад шийр зааж байгаад ялалтанд хүргэж 65-ууланг нь энэ парламентад авчирсан үр дүнгээ өөрийн зүтгэл гэдэгт итгэлтэй байгаа. Хотыг төлөвлөлтгүй хийсэн, газрын наймаачдад алдсан гэгддэг ч олон өндөр барилгатай, орчин үеийн болгох гэж ажилласан гэдэгтээ бат итгэлтэй байгаа байх. Тэр үүнтэйгээ адил парламентын алхыг тас зууран суугаагаа Монгол төрийн дархлааг, парламентын засаглалыг хамгаалж байна хэмээн итгэж өөр юуг ч үл тоон тэвчин тэсэж суугаа байх. Түүний дотоод хүсэл нь өндөр дээд эрх мэдэлтэйгээ үхэн хатан зууралдах биш байх. Тэр өөрийн хүслээр ч амьдарч байгаа хүн биш, өнөөгийн төрийн механизмын “бүтээгдэхүүн” юм. Магад, өвөөгийн ажлаа хийгээд үр ачаа эрхлүүлж суух, өвс ногоон дунд хөдөө хээр гарч хэдэн морьдоо эргэн уужуу тайван амьсгаа авах л түүний чин хүсэл нь байх.


Сэтгүүлч Ж.Жаргалсайхан

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх