М.Энхболд: 60 тэрбумын асуудлыг нээлттэй яриад, нэг талдаа гарахыг би дэмжиж байгаа

2018 оны 12 сарын 06
М.Энхболд: 60 тэрбумын асуудлыг нээлттэй яриад, нэг талдаа гарахыг би дэмжиж байгаа

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг УИХ-ын дөрвөн гишүүн тавьж, өнөөдөр чуулганы танхимын үүдэнд лозон барьж, танхимд ороод УИХ-ын даргын индэрийн өмнө гарч огцрохыг шаардсан. Нөгөө талд УИХ-ын 37 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаандаа орж ирэхгүй УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотолж байна.

Төрийн ордонд өнөөдөр УИХ-ын даргыг огцруулна, огцруулахгүй гэсэн асуудлаар ээлж дараалан мэдээлэл хийж, бужигнаж байна.

Саяхан УИХ-ын дарга М.Энхболд өөрийг огцруулах шаардлага тавьж, чуулганы танхимын гадаа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлээд буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Лу.Болд нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд: Чуулганы нэгдсэн хуралдаан дээр дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулах  шаардлага тавьсан. УИХ-ын зарим гишүүн огцруулах шаардлага тавьж буй гишүүдийг хүлээн авч уулзахыг хүссэн учраас та бүхнийг хүлээн авч уулзаж байна. Та бүхний тавьж байгаа шаардлагатай танилцсан.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хэдий дөрвөн гишүүн тэмцлээ илэрхийлж байгаа ч бидний цаана 30 гаруй гишүүн дэмжиж байгаа. Мөн нийт иргэд сонгогчдын 70-80 хувь УИХ-ын даргыг хуульд заасан үндэслэлээрээ чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзэж байна. Та иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсох хэрэгтэй. Бид иргэдийг төлөөлж байгаагийнхаа хүрээнд, Үндсэн хуульд заасан үндэслэлээр таныг огцруулах саналыг танд тавьж ажиллаж байгаа. УИХ-ын дарга та хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө хүсэлтээ илэрхийлж болно. Хуульд заасны дагуу иргэдийн тавьж байгаа шаардлага нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзээд чөлөөгдөх өргөдлөө өгөөч гэж хүсч байна. Өргөдлөө өгөөд нэр бүхий УИХ-ын 30 гаруй гишүүнээ чуулганы хуралдаанд нь оролцуулж төлөөллийн ардчиллыг нь хэрэгжүүлэх боломжоор хангах, Үндсэн хуулийн зөрчил үүсч байгааг арилгах боломжийг УИХ-ыг даргалж байгаа хүний хувьд тодорхой байр сууринаас хандаж бидний хүсэлтийг хүлээн авахыг хүсч байна.

-УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдрийн их хурал зааг хязгаартай тулчихлаа. Гишүүдээ хоёр ангилж байна. Өөрийн талын гишүүн, нөгөө талд 30 гаруй гишүүн байна. Олонхийн бүлэг ингээд хоёр хуваагдсан. Дагаад цөөнхийн бүлэг тарж байна. Индээс үзэхэд та УИХ-ын даргаар ажиллах ёс зүйн бололцоо байхгүй болж байна. 

Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүдийн хувьд УИХ-ын дарга 60 тэрбумын асуудалд холбогдож байгаа нь өөрөө эрх ашгийн зөрчилтэй, мөн 60 тэрбумтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулаагүй нь хууль зөрчсөн. Тиймээс УИХ-ын даргаас огцрох естой гэж үзэж байгаагаа тайлбарлалаа. 

-УИХ-ын дарга М.Энхболд: УИХ-ын 32 гишүүний саналын дагуу чуулганы хуралдааныг хойшуулъя гээд алх цохиод гарсан. Үүн дээр УИХ-аас зугтаж гарсан асуудал байхгүй. Үүнийг олон түмэнд буруу зөрүү ойлголт өгч байгаагаа та бүхнийг залруулаасай гэж хүсч байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн сүүлийн үед миний эрүүл мэндийн асуудалтай холбоотой ор үндэслэлгүй зүйл ярьж байгаа. Та үүнийгээ засч, залруулаарай гэж хүсье. Миний эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байхгүй. УИХ-ын даргын ажлаа хийгээд явахад эрүүл мэндийн хувьд өөрчлөлт, зөрчилдөөд байгаа зүйл байхгүй гэдгийг мэдэгдье.

60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх гээд байхад нь би хийлгэхгүй байгаа зүйл байхгүй. 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол хийе гээд зургадугаар сарын сүүлээр 19 гишүүн гарын үсэг зурсан бичгээ ирүүлсэн. Уг бичгийг би Хууль зүйн байнгын хороонд өгсөн. Хууль зүйн байнгын хороо энэ хэргийн талаар нээлттэй сонсгол хийж болох уу гэдгийг холбогдох хуулийн байгууллагаас асууж, хариу авсан юм байна лээ. Шалгаж байгаа хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж байхгүй гэж үзсэн. Миний хувьд нээлттэй сонсгол хийх асуудлыг ямар нэгэн байдлаар хориглож байгаа зүйл байхгүй. Үүнийгээ сая чуулганы танхимд ч хэлсэн. Хэрвээ хууль номондоо нийцэж байгаа бол УИХ-ын гишүүд санаачлаад оруулаад ир. Ер нь асуудлыг нээлттэй яриад, хэн нь хаана, хэнээс хэдэн төгрөг аваад ямар хүний албан тушаалыг зарсан, арилжаалсан эсэхээ олон түмэнд нээлттэй болгох нь буруу биш гэж бодож байна. Хэрвээ намайг энэ асуудал дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол энэ асуудлаар УИХ-ын дэд даргад та бүхэн хандаж, энэ асуудлаар нээлттэй сонсгол хийж болно гэлээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх