Д.Эрдэнэбат: Ард түмнийг төлөөлж, сөрөг хүчний дуу хоолой болж байгаа бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй

2018 оны 12 сарын 06
Д.Эрдэнэбат: Ард түмнийг төлөөлж, сөрөг хүчний дуу хоолой болж байгаа бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй

Ардчилсан намын Үндсэний дүрмийн хороо даваа гаригт хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнчлэлээс хасах, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жил хүртэлх хугацаагаар Төрийн сонгуульд нэр дэвших эрхийг хасах шийдвэр гаргасан билээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд танай намын бүлэг нэгдмэл байр сууринд хүрээгүй байсан юм уу. Үүнээс болж зарим гишүүн намаасаа хасагдаж, зарим нь бүлгээсээ гарна гэдгээ мэдэгдчихлээ?

-Засгийн газрыг огцруулах үйл явц гишүүдийн мөн чанарыг сайн таниуллаа. Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах шаардлагыг долоон удаа тавьсан. Энэхүү шаардлагад Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байсан гэдгийг би онцолж хэлмээр байна. ЖДҮХС-гаас зохион байгуулалттай, бүлэглэн хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас манай намын бүлэг энэ Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр ч гэсэн энэ байр сууриндаа хэвээр байгаа. ЖДҮХС-тай холбоотой энэ гэмт үйлдлийг өөгшүүлэн хамгаалж болохгүй. Харамсалтай нь санал хураалтын үед манай гурван гишүүн эсрэг санал өгсөн.

-Л.Болд гишүүн бүлгээсээ гарах өргөдлөө танд бичсэн байна лээ. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх бол. Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болох эрсдэл бий болчихож байгаа юм биш үү?

-Л.Болд гишүүн өчигдөр (уржигдар) надад бичиг хүргүүлсэн. Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Намын шийдвэрээр энэ үйлдэлд нь дөрөв хүртэлх жилээр улс төрийн хариуцлага оногдуулсан. Би үүнийг зөв гэж харж байгаа. Бүлгээс гарах хүсэлтийг нь хуулийн дагуу шийдэх ёстой. Гэтэл хуулийн заалттай нийцэхгүй байгаа юм. Тиймээс би Улсын дээд шүүхэд тайлбар явуулж байна. Ардчилсан намын суудалд сууж байгаа Л.Болд бол Ардчилсан намын гишүүн мөн. Тиймээс УИХ-ын хуулийн дагуу найман хүний суудалтай Ардчилсан намын бүлэг хэвээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлтэд АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичиг, мэдэгдлийг УИХ-ын даргад өгөхгүй. Тийм үндэслэл байхгүй. Би хууль зөрчих эрхгүй.

-Л.Болд гишүүн намаасаа гарчихвал бүлэг тарах уу?

-Намаас чөлөөлөгдвөл ийм эрсдэл үүсч болно. Гишүүн нам бус болж, бүлгээс гарвал бид наймын тоонд хүрэхгүй байгаа учраас бүлэг тарна. Бүлэг тарахыг хэн нэгэн хүн амныхаа зоргоор шийддэг асуудал биш. Бүлэг тарах хуулийн заалттай. Хэрвээ улс төрийн нам татан буугдсан бол эсвэл бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан бол гэсэн хоёр заалтаар тарж болно. Түүнээс хэн нэгэн хүн бүлэг тар гэвэл тарчихдаг юм биш.

Ард түмэн АН-ыг сөрөг хүчин болгосон. Эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавь гэдэг үүрэг өгсөн. Бид энэ үүргээ хэрэгжүүлж байгаа. Л.Болд гишүүн парламентад олон удаа АН-ын нэрээр Их хурлын гишүүн болсон. Туршлагатай парламентач. Ард түмнийг төлөөлж, сөрөг хүчний дуу хоолой болж байгаа бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй гэдгийг Л.Болд гишүүнд хэлмээр байна. АН-ын суудал дээр сонгогдож орж ирээд бүлгээс гарна гэдэг тохиолдол анх удаа болж байгааг Л.Болд гишүүнд сануулж хэлье. Энэ бол ард түмний нам шүү. Сөрөг хүчин бүлэгтэй байж ард түмний дуу хоолой болж ажиллана гэдгийг санаж сэрэх ёстой.

-Гишүүдийн хэлж байгаагаар АН-ын удирдлагууд, тэр дундаа С.Эрдэнэ та хоёр МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан гээд байгаа?

-60 тэрбумынхан, ЖДҮ-ийнхэн гэдэг нь үнэн гэдэгтээ АН санал зөрөхгүй байгаа. Эрэмбээрээ явсан зүйл дээр дөрөөлж, нэг хэсгийгээ гүтгэн доромжлоод, тэдэнтэй нийлсэн гэж ярьж болохгүй. Энэ УИХ болохгүй, хариуцлагагүй ажиллаж байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ УИХ 60 тэрбумаас бүрдсэн юм биш үү. Тиймээс тарах ёстой юм биш үү гэж би цаг үргэлж хэлж ирсэн. Энэ байр суурин дээрээ өнөөдөр ч байна. Засгийн газрын асуудал шийдэгдэж, нэг талдаа гарлаа. Гэхдээ бид ЖДҮХС-гийн асуудлыг дахин дахин тавина. Бас 60 тэрбумын асуудалд УИХ-ын дарга холбоотой бол байр суурь хэвээрээ хадгалагдана. Эргэлзэх хэрэг огт байхгүй. Бид М.Энхболдыг хамгаалсан байр суурийг огт илэрхийлээгүй.

Э.ЭНХ

Өдрийн сонин

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх