Кубачууд энэ сарын 6-наас гар утсаараа интернэт ашиглаж эхэлнэ

2018 оны 12 сарын 06
Кубачууд энэ сарын 6-наас гар утсаараа интернэт ашиглаж эхэлнэ
Куба улсын оршин суугчид энэ сарын 6-наас эхлэн “3G” сүлжээгээр гар утсаараа интернэт ашиглаж эхэлнэ. Энэ тухай тус улсын төрийн мэдлийн харилцаа холбооны “ETECSA” компанийн бизнес-стратеги болон технологийн асуудал хариуцсан дэд захирал Таня Веласкес мэдээлжээ.
 
“Манай үйлчлүүлэгчид 12 дугаар сарын 6-ны 08:00 цагаас эхлэн гар утсаараа интернэт ашиглах боломжтой болно. Үүний тулд үйлчлүүлэгчид “3G” сүлжээ ордог гар утастай байх шаардлагатай. Холболтыг 12-р сарын 8 хүртэл аажмаар явуулна. Үйлчилгээ идэвхжсэнийг баталгаажуулсан мэдээллийг үйлчлүүлэгч бүрт илгээнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Хэрэглэгчид тохиромжтой үнэ болон датагийн хэмжээг сонгох боломжтой. Тухайлбал, 600 Мбайт датагийн сарын төлбөр нь 7 орчим песо /ойролцоогоор нэг доллартай харьцах ханш/, 1 Гб нь 10 хөрвөх песо, 2.5 Гб нь 20, 4 Гб нь 30 песо байх аж.
 
Куба улс нь интернэтийн хэрэглээний түвшин доогуур орнуудын нэг хэвээр байгаа боловч тус улсын эрх баригчид оршин суугчдын интернэт ашиглах боломжийг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт тавьж байгаа юм. Албан ёсны мэдээллээс үзвэл, 2017 онд кубачуудын 40 орчим хувь нь интернэт ашиглах боломжтой болсон нь 2010 оныхоос 37 хувиар өссөн үзүүлэлт аж.
 
Кубын оршин суугчдын дийлэнх нь интернэтэд орохын тулд олон нийтийн газруудад байрлуулсан утасгүй интернэтийн төхөөрөмжийг ашигладаг байна. Үүний тулд нэг цаг ашиглахад 1 хөрвөх песо төлдөг тусгай карт худалдаж авах шаардлагатай. Харин өнгөрсөн оноос гэртээ суурин компьютероороо интернэтэд холбогдох эрхийг хүмүүст олгож эхэлжээ. Үүнээс өмнө гэрийн сүлжээнд зөвхөн эмч, сэтгүүлч, багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд холбогдох эрхтэй байсан байна.
 
1994 онд байгуулсан "ETECSA" нь суурин утас, гар утас болон интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Кубын цорын ганц компани юм.
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх