Ё.Баатарбилэг: УИХ-ын дарга ганцаараа хурал хаасан гэдэг худлаа

2018 оны 12 сарын 05
Ё.Баатарбилэг: УИХ-ын дарга ганцаараа хурал хаасан гэдэг худлаа

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээс тодруулга авлаа.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан тасалдах, хойшлох байдал ажиглагдсан. Энэ долоо хоногоос жигдрэх үү?

-УИХ-ын үйл ажиллагаа тасалдсан юм байхгүй шүү дээ. Чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр оруулж, хэлэлцэх дарааллыг тогтоодог. Тэр дарааллаараа явдаг. Өмнөх долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын томилгооны асуудал хэлэлцэхэд Ерөнхий сайдыг байлгах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг шаардлага тавиад хойшилсон нэг л асуудал гарсан.

-УИХ-ын дарга ганцаараа орой орж ирээд чуулганы нэгдсэн хуралдааныг хаасан гэсэн асуудал яригдсан. Ганцаараа сууж байгаад алх цохисон дүрс яваад байсан. Ийм явдал болсон юм уу?

-Би УИХ-ын чуулганы хуралдаанд яг л сууж байдаг хүн ш дээ. Тэр өглөө чуулганы хуралдаан эхлэхэд Ёс зүйн дэд хороо хуралдах шаардлагатай байна гээд С.Бямбацогт гишүүн завсарлага авсан. Тэр өдөр миний ойлгосноор Дэд хорооны ирц хүрэхгүй нэлээн хүлээсэн байх.

Орой 18-19 цагийн үед намайг чуулганы хуралдааны танхимд сууж байхад Их Хурлын дарга орж ирээд “Ёс зүйн дэд хороо хуралдсангүй, тиймээс өнөөдөр чуулган хуралдаж чадсангүй” гэсэн тайлбар хийгээд, чуулганы хуралдааныг дэгийн дагуу хаасан.

-Хоосон танхим байгаагүй юм уу?

-Сошлоор яваад байсан тэр бичлэгийг хэлж байна уу? Цонхоор нь нар туссан зураг байсан шүү дээ. Чуулганы хуралдааны танхимыг та бүхэн мэднэ.

Орой Их Хурлын даргыг чуулган хаахад Ч.Улаан, Н.Цэрэнбат, Т.Аюурсайхан, Д.Сарангэрэл гээд арваад гишүүн байсан.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн ярилцлагадаа “Хурцын асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүн хаалттай хэлэлцээд томилоод явуулсан” гэсэн асуудал ярьсан. Ер нь УИХ-ын дарга өөрөө хүсэх юм бол чуулганыг хаагаад ярьчихдаг юм уу?

-Элчин сайдаар томилогдсон асуудлыг ярьж байна уу. БНСУ-д суух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн хуралдааныг би санаж байна. Асуудал чуулганы хуралдаанд орж ирэхэд Байнгын хорооны гишүүдээс нь санал гарсан. Н.Энхболд, О.Баасанхүү гишүүд байх аа, энэ асуудлыг нээлттэй хэлэлцэж болохгүй, чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргаад, санал хурааснаар хаалттай явсан шүү дээ. Тэрийг манай хэвлэл мэдээллийнхэн мэдэж байгаа байх аа. Би бол зөвхөн болсон процессийг л ярьж байгаа юм ш дээ.

-Засгийн газрыг унагахын эсрэг байсан гишүүд чуулганыг УИХ-ын дарга даргалах юм бол үргэлжлүүлж суухгүй, бойкот хийнэ гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлсэн. Тэгэхээр маргааш, нөгөөдөр чуулган хуралдахгүй юм болов уу. Та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Хувь гишүүн байр сууриа илэрхийлэх нэг хэрэг. Би жишээ нь чуулганыхаа хуралдаанд сууна. УИХ-ын чуулган хуралдах хуулиар зохицуулагдсан дэгтэй. Тэр дагуугаа явах байх гэж бодож байна.

Ер нь бол улс төрийн нөхцөл байдлаас болоод юм уу, сүүлийн 2-3 чуулган дараалж Засгийн газраас өргөн мэдүүлж, оруулж ирсэн асуудлаар сайд нар нь өөрсдөө орж ирэхгүй байх, сайд нар тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байх, улмаар чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байхыг оролдсон асуудлууд гарлаа шүү дээ. Энэ бол байж болохгүй ээ. Улсын Их Хурал, Монголын парламентын үйл ажиллагаа тасалдахгүй, жигд үргэлжлэх ёстой. Тэнд асуудлаа оруулсан хүмүүс өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийнхоо асуудлыг хэлэлцэхэд өөрсдөө биечлэн оролцоод, асуудлаа хэлэлцүүлээд явах учиртай л даа. 

  

Zarig.mn сайтаас видеог ашиглав. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх