ЖДҮХС-гаас 3 хувийн хүүтэй зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН хэргээр шалгаж байна

2018 оны 11 сарын 13
ЖДҮХС-гаас 3 хувийн хүүтэй зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН хэргээр шалгаж байна

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс нэмэгдсээр байна. Нотлох баримтаар ил болсон мэдээллээр:

1. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,

2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,

3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,

4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,

5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,

6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая төгрөг,

7.   УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,

8. УИХ-ын гишүүд Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,

9. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,

10. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,

11. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан Мийт экспорт интернэшнл ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,

12. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөг тус тус зээлсэн байна.


БУСАД ӨНДӨР АЛБААН ТУШААЛТНУУД:

1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,

2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг.

3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг.

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг.

5.   ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг.

6.  Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг.

7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал  (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум.

8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-7-9 нд эл албанд томилогдсон) Ш.Хонгорзулын Хосбогд Агро компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг.

9. "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016 оны 09 сарын 29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг.

10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал Бат ган агро ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийг тус, тус зээлсэн нь нотлох баримтаар ил болоод байна.  

Эх сурвалж: Шилэн данс, ХОМ, Burtgel.mn


Эрхлэх асуудлынхаа хүрээнд алдаа гаргаж, ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын гишүүд болон өөрийн эхнэрийн компанид зээл олгосон УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг сайдаас нь огцруулаад өнгөрөх бус УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлж шалгах шаардлагатай гэсэн асуудлыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д оруулж ирсэн ч дэмжигдээгүй. УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ёс зүйн хариуцлага хүлээсэн ч хуулийн хариуцлагаас ийнхүү мултарч чадсан юм.

НЭР БҮХИЙ ДӨРВӨН ГИШҮҮН МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 
ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Б.Батзоригоос гадна нэр бүхий долоон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг  Улсын ерөнхий прокуророос тун удахгүй УИХ-д ирүүлэхээр бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. ЖДҮХС-гаас зээл авахдаа хууль зөрчсөн эсэхийг нь шалгаж тогтоохын тулд долоон гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх шаардлагатай гэж прокуророос үзэж байгаа бололтой.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгах шалгалтын ажиллагаа нэлээн шуурхай явагдаж байна. Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Мөн нэр бүхий дөрвөн гишүүн ЖДҮХС-гаас зээл авч, өөрийн банк, банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй хэргийг мөн шалгаж байгаа” гэсэн тайлбар өгсөн. Түүний хэлснээс үзвэл, бүрэн эрхийнх нь асуудал яригдаж буй долоо гишүүний дөрөв нь  ЖДҮХС-гаас зээл авч мөнгө угаасан байж болзошгүй байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гурван гишүүн ЖДҮХС-аас гурван тэрбум төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр зээлж түүнийгээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан жилийн 40 хувийн хүүтэйгээр иргэдэд зээлж мөнгө угаасан гэх мэдээлэл өмнө нь гарсан. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл ярьсан байдаг.  

Тэгэхээр ойрын хугацаанд мөнгө угаасан гэх дөрвөн гишүүний нэр олон нийтэд ил болж мэдэхээр байна. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон Б.Ундармаа нар хамгийн ихээр хардагдаж байна. Учир нь тэд хувьдаа банк болон банк бус санхүүгийн байгууллагатай.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК 2018 онд ЖДҮХС-ггаас нийт 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Ж.Энхбаяр гишүүн уг мөнгийг өөрийн “Газар Капитал Партнерс” банк бус санхүүгийн байгууллага руу оруулж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хардлага олон нийтийн дунд байна.

Олон нийтийн хардлагын бай болж буй уг хэргийн эзэд удахгүй тодорхой болох биз ээ.Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  авсан нь ил болоод байна. Тэрбээр тус мөнгийг өөрийн банкинд байршуулж арилжааны эргэлтэд оруулсан байх магадлалтай гэх хардлага мөн байгаа юм. Тэрбээр дээрх 48 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй гэх мэдээлэл байгаа билээ.

 

Т.ХУЛАН medee.mn

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх