Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа өгчихөөд УИХ-ыг тараах ажилдаа ханцуй шамлаад орно биз

2018 оны 11 сарын 07
Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа өгчихөөд УИХ-ыг тараах ажилдаа ханцуй шамлаад орно биз

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандан нэлээд хатуухан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэе. 

Тэрээр "Өнөөдөр бид Засгийн газрын гишүүн байсан хүний тухай, УИХ-ын гишүүдийн нэгнийх нь тухай ярьж байна. Энд Ерөнхий сайд орж ирээд сууж байх ёстой. Гэтэл өнөөдөр орж ирсэнгүй. Нямдорж гуайн хэлсэнчлэн сүүлийн үед төрийн өндөр дээд албан тушаалтнууд УИХ-ыг тараах тухай өөрсдөө турхирч, ярьдаг боллоо. Жишээ нь өчигдөр Ерөнхий сайд өөрөө УИХ чуулганы хуралдаан дээр энэ асуудлыг хэлж байна. Би Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна, Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана гэсэн байдаг. Гэтэл УИХ-д тайлагнах ёстой, төрийн хуулийг биелүүлэх тухай асуудлыг УИХ-ын өмнө, ард түмний өмнө хариуцах ёстой хүн өөрөө төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэх мэтийн мэдэгдэл хийгээд сууж байна. Хэрвээ ийм үндсэн хуулийн бус аргаар үүнийг хийх гэж байгаа бол эхлээд үүрэгт ажлаа өгөөд УИХ-ыг тараах ажилдаа хамцуй шалан орох ёстой. Аль эсвэл Үндсэн хуулиндаа захирагдаж, Засгийн газраа зөв удирдаж ажлаа хийх ёстой. Бид ийм зах замбараагүй байж болохгүй.

Монголын төр өнөөдөр амаргүй, хүнд хэцүү сорилттой тулгараад байна. Энэ үед төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд гэж нэрлэгддэг эдгээр хүмүүсийн хоёр нь дотроосоо УИХ-аа тарааж, улс төрийн тогтворгүй байдал үүсэгх тухай асуудлыг ард түмэнд турхираад сууж байна гэдэг бол Үндсэн хуулиа зөрчих үйлдлийг өөрийн биеэр үлгэрлэж буй үйлдэл гэж үзэх үндэслэл байна. Энэ зүйл дээр бид дуугүй сууж болохгүй. Бид одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулинд захирагдаж, төрийн өмнө болон ард түмний өмнө ажил үүргээ явуулах ёстой гэдгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж хэлье. Ийм бусармаг зүйлийг дахин дахин яриад байж болохгүй. УИХ тарах, тараах эрх зөвхөн УИХ-д өөрт нь байдаг. Үнэхээр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж үзвэл бид өөрсдөө 2/3-оороо шийдээд дахин дахин сонгууль явуулж болно. УИХ-ын бүх гишүүдэд хандаж хэлэхэд эхлээд өөрсдөө ёс зүйтэй, зарчимтай бай, хуулиа сахидаг бай. Тэгээд хуулиа биелүүлэхийг бусдаас шаардая" гэлээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх