Аавын нутгийг эргэхүй

2018 оны 06 сарын 29
Аавын нутгийг эргэхүй

“Үндэсний шуудан” сонин УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Т.Гандигийн нийтлэлийг “Нийтлэлчийн булан”-даа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад 2009 онд бичсэн “Аавын нутгийг эргэхүй” нийтлэлийг хүргэж байна.

Их сургууль төгсөөд жил гаруйхан болж байсан тэр үед аав минь өнгөрч билээ. Хорь гаруй жил болж байгаа юм байна. Олон сар жилээр өвчтэй хэвтэж байсан эцгийн минь царай, турж эцээд  жижигхээн болсон дүр төрх нь надад одоо ч харагддаг юм. Аав минь цайруу царайтай,том хагалбартай хүрэн нүдтэй, өтгөн буурал үс, хөмсөгтэй, шулуун өндөр хамартай, дуу нь гүн, цээжний гүнээс хаа нэг хоолой засч буй мэт  ханиадаг яриа хөөрөө цөөтэй хүн байв.

Хааяа нэг юм ярихаараа хүн явуулнаа, их хошин шогийн мэдрэмжтэй. Хүнд нэр хоч өгвөл үнэхээр л голыг нь олсон бөгөөд насаар нь салахгүй овог нэр мэт “нааж” орхисон хоч өгдөг юм. Аливаа юманд нягт нямбай голыг нь олж шударга хандана, гэр ахуй, хийж буй ажилдаа ч тэр. Ширээ тойрон юм ярьж суугаа том хүмүүсийн яриаг сонсож суух балчир миний нүдэнд хүмүүсийн яриаг анхааралтай сонсох зуураа ширээн дээрх өвдөл цөвдөл, үртэс ширхэгийг нэг нэгээр нь хурууны өндгөндөө наан авч цэвэрхэн болгож үг бүрийг нь тэвчээртэй сонсоод суудаг  аавын минь дүр хадгалагдан үлдэж...    

 Манайд цэргийнхэн голдуу цуглана. Дандар баатар, Дампил гуай, хөгжмийн зохиолч Бирваа агсан, хожим нь Ж.Ёндон генерал нэг бус удаа аавтай ганц юм хувааж уух бөгөөд бас тэд Сансарын тунел дээрх усан оргилуурын дэргэд бөөгнөн хууч хөөрч, хаврын урт өдрүүдийг өнгөрөөнө. Гэхдээ миний таних тэр буурлууд хавраас хаварт цөөрсөөр л байсан. Тэд маань тэртээ Халх голын дайны оньсого мэт дарагдан өнгөрсөн үйл явдал,  Монгол,Оросын цэрэг, арми улс төрийн сэдвээрх гайхмаар үүх түүхийг ярьж байхыг нэг бус сонссон юм. Тэр л үеэс анх “чих” маань цэрэг, эх орноор хөглөгдөж, аавтай цуг “дайтаж”, түүх сөхөж, хэлмэгдэж, гомдож баярласаар ой санаанд минь он цагийн хэлхээс болж хадгалагдан үлдсэн билээ.Халх голын дайнд офицерийн сургуулийн                                                                                                                                                                                                                                      хоёр зуу гаруй сонсогчийг удирдан тулаанд анх ороход улаан нүүрээрээ галан шуурга руу орчих шиг л болсон гэж аав ярьдаг байж билээ.

Дайны төгсгөл ялалтын тухай дэлхий мэднэ,түүх гэрчилнэ. Харин харилцан довтлохгүй хэлэлцээрийг зөрчин  төвлөрүүлсэн их хүчээр жижиг буурай орон руу уулгалан довтолсон квантуны армийн зарлаагүй дайны эхний цөмрөлт,анхны өдрийн тулаантай тулж  ардаас нэмэлт хүч иртэл тогтоон барьсан цаг  хором бүхэн монгол улс орших эс оршихуйн төлөөх тэмцэл,цэрэг эрсийн эр зориг тэсвэр хатуужилын дууль байсныг тэр бүр мэддэг болов уу даа.

Дайны түүхийг нэвт мэддэг гэж өөрийгөө би хэлэхгүй ээ.Гэхдээ л эх нутгийнхаа сөөм газарыг залуу нас,зориг зүрх,алд биеэрээ хэмжин хамгаалж явсан цэрэг эрийн удам үргэлжлэлийн хувьд Халх голын дайн аль ч талаараа хэсэг газар хил орчимын тулгаралт мөргөлдөөн, зөвхөн нэг улсын тусгаар тогтнолын асуудал бус дэлхийн бодлого тодорхойлогч гүрнүүдийн бүс нутаг улс орнуудад ноёрхолоо тогтоох гэсэн дайны угтал ,милитарист бодлогын илрэл байсан гэдэг судлаачидтай санал нийлж л явдаг.

Халх голын дайны эхний өдрийн цохилтыг баатарлагаар тэсвэрлэж ,улмаар дайны ялалтыг хүртэл тулалдаж тусгаар тогтнолоо хамгаалж  ЯЛАЛТ  авчиралцсан  цэрэг эрийн охин би дайчин баатар эцгээрээ бахархахгүй юм бол юугаар бахархах юм бэ..

Аав минь 6-р морьт дивизийн дарга Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Шаарийбуу агсаны тухай их ярьдаг байлаа. Цэрэг эрсийн галын шугам дахь нөхөрлөл,хүн чанарын шалгарал хагас зууны тэртээ болсон үйл явдал аавын минь зүрх сэтгэлд  мөнхөд хадагдсан  байсан билээ.      

...Аав тэр бүр архи ууж согтуураад байдаггүй байв. Хаа нэг цэрэг цуухад хамт байсан нөхөд, нутаг орноос нь ах дүү, хүн хар ирэхэд нэг шил юм гаргаж тавьчихаад юуг ч юм шөнө дөл болтол хуучлан сууцгаана. Халамцсан аав маань,

...Эр бор харцага мину

Жигүүрхэндээ хүчтэй

Эрдүү чиг залуу насандаа

Даанчиг ажиггүй л явлаа... гээд хачин сайхан цээл хоолойгоор дуулж байхыг сонсдог байж билээ. Аавыгаа дуулахыг сонсон сонсон зүүрмэглэх дуртай байлаа би.Одоо санахнээ аав минь дуу аялахдаа тэртээ залуу цагтаа орхиод гарсан нутаг орноо санадаг байсан юм болов уу даа, цаанаа нэг санаашрангуй дуулдаг байсан санагдана.

Дөчин жил эх орноороо хөндлөн гулд тэнэж, гучин жил суусан цэрэг эрийн амьдрал үхэхээс бусдыг үзсэн байж таарна. Хаа нэг халамцсан үедээ аялах дуугаар нь эр хүний сэтгэл доторх гүн санаашрал, дуртгал нь сэдэрдэг байсан байх аа хөөрхий.

Аав армиас халагдсаныхаа дараа Геологи Уул уурхай Эрчим хүчний яаманд  Ч.Хурц сайдын удирдлага доор нилээн олон жил усны хайгууль ангийн даргаар ажиллаж ,эх орноороо тэр тусмаа говийн аймгуудаар хөндлөн гулд явсан.Аав минь усны хайгуулч байлаа.Намар орой хээрээс бууж ирэх аав тагт дүүрэн идэш,өвөр дүүрэн өнгө өнгийн говийн чулуутай ирдэгсэн.

Амьдралынхаа сүүлийн жилүүдийг хүнд өвчний улмаас хэвтэрт өнгөрүүлсэн аавынхаа Монгол цэргийн сүр сүлд болсон офицер, гялалзсан жавхаатай сургагч багш, нухацтай авьяаслаг цэргийн сурвалжлагч, түүх судалж, бичилцэж явсан ид хийморлог үеийг нь дурсаж буурал тэргүүнийг нь өргөн, мөрийг нь түшиж, хөрч байсан хөл гарыг нь базаж өгдөг байв. Аавын минь бие лаа шиг жижгэрч байсан ч сэтгэл зүрх нь гал цогтой, юутай ч зүйрлэхийн аргагүй хатуужил тэвчээрийг заасан цэрэг эр хэвээрээ байсаар бурхан болсон билээ...

“Энэ жил нутагтаа очих худлаа боллоо доо”... гэсэн аавынхаа сүүлийн шахуу хэлсэн үгийг би лав хорин хэдэн жил бодсон байх аа... Ингээд алс газар томилогдон ажиллахаар одохын өмнө эцгийн нутгийг эргэхээр шийдлээ.

Нар дөнгөж цухуйж байхад би хотоос гарав. Гурван машин ар араасаа зогсолтгүй давхисаар Өвөрхангай, Архангайн уулзвар дээр зогсож амсхийв. Хаврын дунд сар гарч ханш нээх цаг иржээ. Газрын өнгө цасан хөнжлөөс ил гарч чийг даан хүрэнтэнэ. Хээрийн агаар хачин өөр юм аа. Гүнзгий амьсгаа авахад л цээж цэлсхийгээд ирэх шиг. Ингээд цааш зогсолтгүй давхилаа. Арын хангайн уулс өөд аажуу мацаж яваа нь мэдрэгдэнэ, агаар нь цэнгэг, салхи нь жихүүн, уул, үүл, ус гол, тал, ой мод бүгд бие биедээ уусаагүй өөр өөрийн гэсэн тод өнгөтэй. Хоёр ч толгойг тойроод аймгийн төв орж ирлээ.Толгодын урдах хөндийгөөр Тамирын гол мянга мянган жилийн түүхээ өгүүлж цас мөсөн хөнжлөө сөхөн урсаж эхэлжээ. Мэлтрэн урсах Тамирын гол Та минь цэгц шулуун миний аавын сэтгэл зүрх шиг ямархан ариун тунгалаг, ямар шулуун, саадгүй урсгалтай юм бэ...?

...Аймгийн төв орох даваан дээрээс Булган хангай уул хоймортоо дүнхийж, дулаан өвөрт нь суурин газар нь төвхнөжээ.Бусад аймгийг бодвол сууцны модон байшингууд ихтэй, гэр хорооллын гудамж нь давааны орой дээрээс харахад шугамдсан мэт цэгцтэй жирийнэ.

Хангайн хүүхнүүд нуруулаг, биерхүү юм, бас гав шув хийн гэрт гадаагүй босон суун ажилтай санагдсан. Тэгээд ч идээ цагаа сайтай байдаг нь энэ нутгийн хүүхнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүн биз ээ.

Цагаан гэгээтэй уралдан өвөг дээдсийн өвөлжөөний зах орлоо. Энхэл донхол зам, Чулуутын голын хавцал зайрмагтан буй уулын голыг хөвөөлөн саваагүй жийрхүү сарлаг малыг цочоон үргээж давхив. Зорьж яваа газар зүрх сэтгэлийг минь соронз мэт татна. Миний аавын төрсөн нутаг Арын хангай Тариат сумын Мөрөн баг, Алтаадын өвөр Овоотын өвөлжөө билээ. Тэртээгээс тэмүүлж ирсэн биднийгээ ах дүү нар маань хайр найр тавин, халуун тосоо хайлан барьж угтлаа. Тухайн нутагт төрж өссөн хүмүүсийн хувь тавилан, зураг төөрөгт төрсөн газрынх нь уул, ус, агаар, байгаль орчин нөлөөлдөг гэдэг. Яагаад ч юм бэ аавын минь төрж өссөн Овоотын өврийн хот айл, өвөлжөөнөөс Монгол орны нэгэн цаг үеийн бахархал болсон олон оюунлиг хүмүүн төрсөн юм билээ. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Базарын Ширэндэв, Батболдын Энхтүвшин, Академич Баатрын Чадраа, Хөдөлмөрийн баатар Р.Минжүүр, гавьяат жүжигчин, дуучин Сүглэгмаа, хүний гавьяат эмч Нинжээ агсан гээд улс үндэстний маань сор болсон лав хориод хүн буйдхан энэ л ганц өвөлжөөнөөс төрсөн гэхээр сонин шүү.

Аав минь энүүхэн өвөлжөөнөөс эр цэргийн албанд мордож, өвгөн буурал болтлоо төр түмэндээ зүтгэсэн жирийн нэгэн, үр хүүхэддээ юугаар ч орлуулашгүй нөмөр нөөлөгтэй , хүн чанарын туйл нэгэн байсаан.

Эцэг өвгөдийн өвөлжөө бууцанд ирж ах дүү нартайгаа арав таван үг шөнө дөл болтол сольж өнжих зуур жижиг таван ханатын тооноор ертөнцийн од эрхэс ер бусын тод, ойрхон гялалзаж, төмөр зууханд хуурай модны тас нясхийн шатах чимээ дуулдана. Ах дүү нар асууж байна аа.

-Тэмээ тэмээчин хоёр нутаггүй болтлоо орон нутаг орвонгоороо эргэж байна гэж үнэн үү?

-Төв нийслэл сайхан хөгжиж, үүлэнд хүрсэн орд харштай болсон ч үүдэн довжоонд нь нялх хүүхэд тэвэрсэн согтуу бүсгүй хэвтэж харагддаг гэж..?

- Аймаг бүрт арав хорин уурхай,ухаж сэндийчсэн хар нүх,зээр гөрөөс хонь мал болтлоо нутаггүй болоод...

Ах дүү нарын санаандгүй юм шиг асуусан асуулт бүр цаанаа л нэхэл хатуутай, зэмлэл тунирхал агуулаад байх шиг. Яагаад ч юм бэ би гэдэг хүн өвгөдийн нүүр лүү эгц харж чадахгүй хулмаганаад л ... Тэгээд ч заримд нь би үнэхээр хариулж чадсангүй дээ. Хамгийн сүүлд гэрэл цахилгаанд холбогдсон баг шахуу болохоор тэр бүр мэдээллийн дайнд оюун санаагаа зэрэмдэглүүлж амжаагүй, ёс суртахуун хүн чанар нь хайрламаар хэвээр үлдсэн нь хүмүүсийн ярианаас тодхон.

Аймгийн хувьд бартаа саад ихтэй хамгийн алслагдсан сум, сумаас баг, багаас алслагдсан өвөлжөөнд амьдрах элдэв хоосон маяггүй эгэл даруухан энэ л хүмүүс нийслэл дэх сонины хэрүүл, улстөрчдийн увайгүй зуйранги инээмсэглэлийг орой бүр харж дургүй нь хүрэхгүй зарим талаараа азтай ч юм шиг...

Маргааш өглөө нь бид урд уулын цаанаас нар дөнгөж цухуйх агшинд эцэг өвгөдийнхөө зуун зуунаар түшин нутаглаж ирсэн Овоотын ууланд ах дүү хэдүүлээ мөргөж, сэтгэлийн сүүгээ өргөв. Уулын ширүүн салхи уяаны модонд уясан хадгийг минь авч хаячих шахан хүүгэж байна. Ус нутагтаа ирж чадалгүй явчихсан аавын минь сэтгэл баярлаж, хөгжин хөөрч буй мэт.

-Аав аа охин нь уул усандаа мөргөөд буцлаа, та минь намайгаа харж байгаа биз дээ гээд хэнд ч юм бэ хэлмээр...

Энэ салхи, энэ тэнгэр, энэ уул ус, энэ өвөлжөөний буурь туурь тэнгэр газрын савслага зуур аав бид хоёрыг холбож байх шиг санагдсан. Басхүү зориуд тэнэгхэн охиноо хэзээ хойно ухаан сууж нутаг орноо эргэж буйд хатуурхаж, үүрийн часхийсэн хүйтэн салхиар аав тасхийтэл “алгадаад” ухаан сэхээ оруулж буй мэтээ. Ингэхэд би аавыгаа их санадаг юм байна шүү дээ.

Юутай ч сэтгэл хачин сайхан онгойлоо. Өвөлжөөний дээхнэ хадан хошуунаас аавын нутгийг тольдлоо.

Мөрөн баг тэр л чигээрээ багтдаг Алтаадын арван гурван овоо, Чулуутын хавцал, эрт галавын үед галт уул оргилоход Дасгалын хөндийн энгээр мянган газар түмэн зүг шидэгдсэн үй олон чулуу цацсан шагай шиг цайрна. Уул, Овоот нарны туяанд хүрэн улаан царайтай хүглэгэр өвгөн өвдөг тулан, хормой шуун амсхийж, тэртээ урдах хөндий хээр, суганаас нь урсах Чулуутын голын урсгалыг ажин бодолд автан дүнсийн суух мэт ээ...

Алдуул морь шиг гүйгээд ирэхэд

Аавын нутаг адуу шиг сайхан гэдэг юутай үнэн  юм.

Аавын минь нутаг сайхан нутаг юм аа. Алслагдсан буйдхан, зорин очиход ч бартаа саад ихтэй юм. Ахуй цагтаа нөмөр нөөлөг нь сүр бараатай ч тэр бүр эрхлэн зүггүйтэхээс эмээдэг аавын минь дүр төрх шиг уул овоод нь сүрдмээр санагдана.

Нутгийн гүн рүү ороход чулуу бартаа ихтэй юм. Харагдаад байгаа суурин руу хөндий дамжаад ороход хад хадны орой дээр машины дугуй тааруулж давхисаар есөн км газар дор хаяж хоёр цаг гаруй явав. Сумын төв, дараа нь багийн төв орлоо. Улс амьтан цуглаад хөл хөөртэй хурал цуглаан болов.Сумын төвийн улаан буланд гурван цаг гаруй хуралдав. Газрын мухар, буйдхан сууринг төр засгийн бид байтугай аймаг орон нутгийнх нь дарга нар хүртэл мартаж орхисон мэт санагдана. Уулын орой дээр гарч хот суурин газар байгаа үр хүүхдээ Жи-Мобайлын сүлжээгээр хааяа нэг асуухаас өөр төвтэй холбоо муутай. Цахилгаан тасарвал утсан холбоо нь тасарна л гэсэн үг дээ. Сургуулийн дээвэр нь муудаж, энэ янзаараа байвал ирэх жил нурж ч магад, сургуулийн байрыг өөд татахгүй болохгүй нь дээ... Эмнэлгийг нь ч, зам харгуйг нь ч засмаар болж дээ хэмээн бодож суулаа.

Бид хэдийг буцаж явах зуур Их Хуралд нэр дэвших санаа сэдэл өвөрлөсөн хэсэг нөхөд том том машинаар хайрга чулуу тонгочуулсаар зөрөн өнгөрөв...       Чихэнд аавын нутгийн тухай дууны үг сонсогдон, харахад л нутгийн чулууд аавын чулуу юм шиг  дулаахан дотно тэр л замаар буцаж явна аа...

Уул усныхаа мөнхийн үнэнч эзэн нь болж төрөөд, төрсөн ах дүүдээ, ер хэнд ч юугаар ч тээр дараа болоогүй үе үеэрээ амьдарч ирсэн энэ хэдэн хүн, сургуультай, цэцэрлэгтэй, сонинтой хэвлэлтэй байхыг хүсч л байгаа. Гэхдээ хэн нэгнээс тэгтлээ гуйж гүйхгүй, гомдож тунихгүй, гуниггүй, гүндүүгүй  нь сайхан.

Ингэхэд аавын эзгүйд бид хэд хэчнээн жил амьдарсан юм бэ дээ... Аавгүйгээр амьдарсан он жилүүдэд том толгойлж гаргасан шийдвэрүүд маань одоо бодоход нэг л дутуу, дундуур байсан юм шиг байна аа. Аминд тулсан асуудал гарах бүрт “аав байсан бол юу гэх байсан бол” гэж дандаа бодогддог юм.

Нутгийг тань эргээд буцах замдаа охин нь ингэж бодсон шүү, аав аа.

Улаанбаатар- Архангай-Тариат сум-Мөрөн баг.  2012.03.24.


Онцлох мэдээ: