Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэн: Энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх ёстой бол бид хариуцлага хүлээхэд бэлэн

2018 оны 03 сарын 20
Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэн: Энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх ёстой бол бид хариуцлага хүлээхэд бэлэн

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн

 "Дүнжингарав 2018 уралдааны үеэр цаг агаар дулаан +4 градус, цасгүй байсан бөгөөд зөвшөөрөлгүй машинуудаас болж шороо тоос ихтэй байсан. 

Уралдаанд 12-оос дээш насны уралдаанч хүүхдүүдийг бүртгэж уралдуулсан бөгөөд үүнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. 

Дүнжингарав 2018 хаврын төвийн бүсийн уралдааны үеэр нийгэмд тусламж дэмжлэг хэрэгтэй гурван өрхөд гэр гардуулсан" гэв. 

Ерөнхий сайдын зөвлөх П.Сэргэлэн

"Энэ удаагийн Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. 

Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан. 

Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан.

Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий болсон. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа".

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тавдугаар сар хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Яагаад зохион байгуулсан бэ?

-Сүүлд Засгийн газрын тогтоол гарч хаврын уралдаанд 12-оос дээш настай хүүхдүүд уралдуулъя гэсэн. Энэ уралдаанд Засгийн газар тогтоол гаргаагүй. Харин уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас энэ шийдвэрийг гаргасан. Дүнжингарав уралдаан 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ уралдааны үеэр ноцтой гэмтэл бэртэл гарч байсан тохиолдол байхгүй. 

Бүсийн Дүнжингарав уралдаан жилдээ ганц л болдог. Төсөв мөнгийг нь уяачид өөрсдөө гаргадаг.

-Ерөнхий сайд энэ асуудалтай холбоотой хариуцлага хүлээлгэх үүрэг өгсөн. Ямар хариуцлага хүлээх вэ?

-Ерөнхий сайдын өгсөн чиглэлтэй холбоотой энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол бид хариуцлага хүлээхэд бэлэн. 

Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндийн асуудал. Манай зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга гэмтлийн эмнэлэг дээр ажиллаж байна. Манай уралдаанд орсон 11 настай хүүхэд тархины хагалгаанд орсон асуудал байхгүй.

-Нийгэм байнга шүүмжилсээр байтал бэртэл гэмтэлтэй уралдаан яагаад байнга зохион байгуулаад байдаг юм бэ?

-Уралдаан гэдэг Монголын уламжлал, соёл юм. Уяачдын эргэн тойронд 30-40 мянган ажлын байр байна. Дээр нь уралдааныг зохион байгуулах үед бидний авч хэрэгжүүлдэг олон ажил байдаг. Уралдаан зохион байгуулж байгаа газрын ард иргэдийг малжуулах ажиллагаа, хүүхэд багачуудын боловсролыг дэмжих олон ажлуудыг бид хийдэг. 

Монголчууд 180 мянга орчим малчин өрхтэй. Энэ утгаараа энэ улсуудын амьдралд нөмөр нөөлөг болдог уралдаан байдаг. 

Өмнө нь хавар болохоор энд тэндгүй, замбараагүй уралдаан болдог байсан. Харин ММСУЯ гэдэг байгууллага гарч, энэ уралдааныг эмх цэгцтэй болгох, жил бүрийн хавар 1-2 уралдааныг зохион байгуулах ажлуудыг хийсэн. Энд тэндгүй зөвшөөрөлгүй болж буй жижиг уралдаануудад хяналт тавих гэж ажиллаж байна. 

Манай уяачид дотор ёс зүйтэй, дүрэм журмаа биелүүлдэг нь ч бий, биелүүлдэггүй нь ч бий.

-Ойрын хугацаанд болох томоохон уралдаан бий юу?

-Зун болтол өөр уралдаан байхгүй.

-Хүүхдийн эрүүл мэндийг хохироон байж уралдаан зохион байгуулах шаардлага байдаг юм уу. Үүнд чинь хүүхэд л хохироод байна шүү дээ?

-Хүнд асуулт байна. Монголын малчдыг морио уяж болохгүй, уралдуулж болохгүй гэж хэлж болохгүй байх. 

Бид дулаахан газар, дулаарсан үед зохион байгуулах гэж хичээсэн боловч олон хүндрэл гарлаа. Үнэхээр санаанд ороогүй хүндрэлтэй нөхцөл гарлаа. 

-Уралдаан оройтсон нь уяачдын буруу, машинууд их байсан нь үзэгчдийн буруу юм байна. Зохион байгуулах комисс ямар буруутай вэ. Ямар хариуцлага хүлээх вэ?

-Ямар хуулийн хариуцлага байдаг, тэр бүхнийг хүлээнэ.

-Морь уралдуулж байсан хүүхдүүдийг машин мөргөсөн юм уу, эсвэл үзэгдэх орчин хязгаарлагдмал учраас морьтой хүүхдүүд машин очиж мөргөсөн юм уу?

Ш.Лхамсүрэн: Их насан дээр машиныг морь очиж мөргөсөн байгаа. Машин нь олдоогүй. Унасан хүүхэд л өөрөө машин мөргөсөн гэж хэлсэн.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх