Тавантолгойн замд дахин нэг жолооч шатаж амиа алдлаа

2017 оны 10 сарын 09
Тавантолгойн замд дахин нэг жолооч шатаж амиа алдлаа

Тавантолгойн замд БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан автомашины жолооч нас барсан эмгэнэлт хэрэг дахин гарчээ.

 “North benz” маркийн том оврын ачааны автомашины жолооч А нь урдаа явсан автомашиныг мөргөсөн осол хоёр хоногийн өмнө гарсан байна. Ослын улмаас А нь автомашиндаа хавчуулагдаж нас баржээ. Жолооч нар түүний амийг аврах гэж оролдсон ч машин нь шатсанаар талийгаачийг аварч чадаагүй гэнэ. Осол хилээс нааш 80 км-ийн орчимд болжээ. Талийгаач нь Увс аймгийн харьяат 26 настай залуу байжээ.

Тавантолгойн ордоос урд хил рүү нүүрс тээвэрлэж буй автомашин, түүнийг эзэмшигчийн 80 гаруй хувь Хятад эзэнтэй компаниуд байдаг. Талийгаач мөн Хятад эзэнтэй автомашины жолоо барьдаг байсан байна. Автомашины эзэд ослын газар ирсэн ба талийгаачид даатгалын мөнгө өгөхгүй гэдгээ мэдэгдсэн аж. Учир нь жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гаргасан гэж тайлбарласан байна. Гэхдээ А-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг хараахан тогтоогоогүй гэнэ. Ийм мэдээллийг Тавантолгойн нүүрсний тээврийн жолооч нарын зүгээс өглөө. Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдрөөс ослын газар очжээ.

Энэ осол анхных биш юм. Сар гаруйхны өмнө гэхэд үүнтэй төстэй осол гарч мөн нэг хүн амиа алдсан. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Тавантолгойн ордоос Гашуунсухайтын замд, хилээс нааш 130 гаруй км-ийн орчимд Чойгийн тохой гэдэг газар  нүүрс тээвэрлэн явж байсан автомашины жолооч нь эсрэг урсгалд зогсож байсан ачааны машиныг мөргөснөөр жолооч нь амиа алдсан харамсалтай үйл явдал болсон юм.

Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх сайжруулсан шороон замаар өдөртөө “Эрдэнэс Тавантолгой”, Энержи ресурс компанийн 1000 гаруй автомашин зорчдог бөгөөд энэ төрлийн осол гарах аюултай нөхцөл үүсээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар хилээс нааш 100 гаруй км-т нүүрс тээвэрлэсэн автомашины жолооч нарын цуваа үүссэн байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх