МУТМУ Б.Билэгдэмбэрэл: Монголын хурдан адууны стандарт гэж бий болох ёстой

2017 оны 10 сарын 04
МУТМУ Б.Билэгдэмбэрэл: Монголын хурдан адууны стандарт гэж бий болох ёстой

-Шинэ цагийн монгол адуу гэх нэр томъёо нь буруу гэж ярьж байна Таныхаар юу гэж хэлэх ёстой юм бэ? 

Энэ бол зүгээр л эрлийз адуу. Би монголд хурдны зориулалттай адууг оруулж ирж үржүүлэг хийгээд арав гаруй жил болж байна. Энэ ажлынхаа үр дүнг өөрийнхөө хэмжээнд хүртэж яваа хүн. Жишээлбэл, би цэвэр араб азарганд монгол гүү хураалгаад гарсан төл, цэвэр англи азарганд монгол гүү хураалгаад гарсан төл хоёрыг хооронд нь нийлүүлж адуу гаргаж авч байна. Энэ бол шинэ монгол адууны дөнгөж эхлэл болж байгаа юм. Ингэж хэлбэл нэр томъёондоо арай дөхөх байхаа.


-Та араб, цэвэр цусны англи адуугаар эрлийзжүүлэг хийж байна уу? Гарсан төлүүд нь хэр ялгаатай байна вэ? 

Өнөөдөр аль алиных нь төл адилхан давхиж байгаа. Цэвэр цусны англи адуу бол хүний гараар бүтсэн, дэлхий нийтээрээ одоо цагт уралдаж байгаа цорын ганц хурдан буюу хурдны зориулалттай адуу юм. Энэ адуу бол ямар нэгэн согоггүй нүд нь хардаг, хөл нь тэгшхэн бол шууд л уралдах үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дээр болдог Японы “Japan cup”, Английн гурав, Америкийн гурав, Араб, Францын гээд 10 том уралдаанд цэвэр цусны англи адуу л уралддаг. Цэвэр цусны англи адуу нь хурдлах зориулалттай учраас монгол адуутай нийлүүлж энэ чадварыг нь авах ёстой гэж үзэж байгаа юм. Харин араб адууг яагаад оруулж байгаа юм бэ гэвэл энэ төрлийн адуу аль IV, V зуунаас эхлээд л сайжруулагч болж ирсэн.

Араб адуугаар цэрэг, цагдаагийн болоод харайлтын гэхчилэн шинэ төрлийн адууг бий болгоход сайжруулагч маягаар оролцуулсан байдаг. Араб адуу өлсөх, цангах чадвартай, халуун, хүйтэнд тэсвэртэй гээд давуу талтай. Харин манай монгол адуу бол цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицох дээд зэргийн чадвартай. Тэгэхээр энэ гурван адууны дундаас нутгийн шинэ монгол хурдан адуу гаргаж авах зорилготойгоор бид ажиллаж байгаа юм. Иймэрхүү маягаар холын зайнд уралддаг ново киргиз, густанай, кабардин адууг гаргаж авсан жишээ бий. 


-Таны гаргаж авсан шинэ монгол адууны төл нь хязаалан болох гэж байна гэлээ. Ямар ямар давуу тал харагдаж байна вэ? 

Олон талаараа давуу байгаа. Хөрслөг болж байна, даарч хөрөх нь багасч байна. Хэт том байхаа больсон. Бас их ухаантай болж байна. Мэдээж ямар гоё адууны үр төл билээ, гаднаас нь харахад их гоёмсог болсон. Гоёмсог байх нь хурдан адууны бас нэг шинж шүү дээ. Энэ мэтээр хамаагүй сайн болно гэдэгт итгэлтэй байна. 


-Илүү ухаантай болж байна гэлээ. Жишээ нь?

-Хавар би монгол ээжтэй, цэвэр англи азарганы төл хязаалан үрээнд арав гаруй гүү хураалгалаа. Тэгсэн хаврын шуурганаар тэр хязаалан уулын мухарт хэдэн гүүгээ хураагаад үлдсэн байгаа юм. Үүнийг би ухаан л гэж ойлгож байгаа. Би англи, араб, монгол адууны дундаас илүү сайн адуу гаргаж авна. Үүнийг эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлаар батална гэж бодож байна. Би зөвхөн докторын зэрэг хамгаалаад зогсохгүй, шинжлэх ухааны зэрэг горилж, энэ талаар гадныхантай хамтран ажиллах зорилготой байгаа. Би бол адуунд үнэн сэтгэлээсээ хайртай хүн. 


-Араб, англи азарганыхаа нэгдүгээр үеийн төлүүдийг нийлүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?

Араб адуунаас бид голдуу ойрын зайнд уралддаг эсвэл уналга эдэлгээнд хэрэглэдгийг нь авчирч байгаа. Араб нь гоёлын, “бүжиглэдэг” эсвэл холын зайнд уралддаг гэж байдаг юм. Бид хөлсийг нь гаргаж уядаг бол холын зайны адуунд эсрэгээрээ хөлсийг нь хатаах маягтай уядаг учраас ажилд маань тэр болгон таарахгүй байгаа юм. 
Бидний оруулж ирж байгаа адуунууд бүгд бичиг баримттай. Бид ямар ч цагаан хуудастай адууг үржилд оруулж байгаагүй. Харин манай монгол адууны удам бичиг цаасан дээр баталгаажаагүй ч ам дамжин ирсэн байдаг шүү дээ. Тэгвэл араб, англи азарга, монгол гүүнээс гарсан төл бүр маань бичиг баримттай болж байгаа. Үндсэндээ хоёр талаасаа бичиг баримттай адуу бий болчихож байгаа юм. Энэ нь адуугаа бичиг баримтжуулахад их дөхөм болж байна. 

-Англи, араб гүүг монгол азарганд хураалгаж үзсэн үү?

Энэ тохиолдолд хэцүү юм билээ. Монгол азарга хашаан дотор гүү хурааж чаддаггүй болохоор. Гэхдээ надад нэг араб гүү бий. 2003 онд Москвагаас авчирч байсан юм. Надад ирээд зургаан төл өгснөөс анхных нь Бандгайд нэг азарга бий. Хоёр дахь нь энэ жил хавчиг гүү бол дараах нь сая Эрдэнэтэд түрүүлж, Архангайд айрагдсан хул азарга байгаа. Дандаа монгол азарга тавьж гарсан төлүүд байгаа юм. 

-Та хаана хаанаас азарга оруулж ирсэн бэ? 

Чех, Польш, Герман, Америк, Оросын Кавказаас авчирсан. Миний энэ авчирсан азаргануудын паспортноос 1700-гаад оноос хойш өнөөдрийг хүртэлх удмын бичгийг нь харж болно. Энд ямар ч асуудалгүй. 

-Паспортоос харахад жишээ нь, хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар азарга байх уу?

Жишээлбэл, ноднин Америкаас ирсэн азарганы эцэг Еддингтон нь 700-800 мянган доллар, эх нь Яарди 300-400 мянган доллар хожсон хурдан адуунууд. Харин төл нь болох миний авсан азарга өөрөө 200 гаруй мянган долларыг хожсон хурдан амьтан байгаа юм. 

-Тийм цэвэр цусны азаргыг оруулж ирэхэд төвөгтэй юу?

Энэ тал дээр манайх Америк, Орос шиг хөгжиж чадаагүй байгаа нь үнэн. Гэхдээ ямар ч улс орон өвчтэй мал гаргадаггүй. Олон улсын мал эмнэлгийн холбооны дүрмийн дагуу зохих шинжилгээг нь аваад, ямар нэгэн асуудалгүй бол гаргадаг юм. Манайд ч оруулж ирээд тодорхой хугацаанд хөл хорионд байлгадаг. Энэ бол хууль ёсны дагуу хийж байгаа ажил учраас хүндрэлтэй зүйл биш. 

-Гаднаас адуу оруулж ирж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

Миний бодлоор албан ёсны үүлдрийн баталгаатай, паспорттай адууг сонгоосой л гэж хэлнэ. Бид адуугаа сайжруулах гэж оруулж ирж байгаа учраас тун их хариуцлагатай байх ёстой. Миний айдаг юм, хаа таарсан газраасаа удам угшилгүй адуу авчраад адууг баллачихвий гэж боддог. Мэдээж хүн бүр дор бүрнээ үржил хийх сонирхолтой байна. Гол нь албан ёсны бичиг баримттай, элдэв өвчин зовлонгүй эсэхийг сайтар нягталж үзэх хэрэгтэй л гэж хэлнэ. 

-Та гаднаас авчирсан азаргануудадаа хаанахын гүү тавьдаг вэ? 

Би Сүхбаатар, Төв, Хэнтийн удам сайтай, ядаж л сумандаа айрагдаж, түрүүлсэн удмын гүү цуглуулсан. Бас Морин тойруулгын сайн удамтай гүүнүүд ч бий. 

-Нууц биш бол хичнээн тооны адуу байгаа болоо? 
-Нийт мянга гаруй адуу байна. Эндээс нэгдүгээр үеийн эрлийз 400 гаруй байна. Нэгдүгээр үеийн англи монгол, араб монголын төлүүдийг нийлүүлээд гарсан 30-аад унага, хориод даага бий. 

-Энэ бүх ажлыг явуулахад хэн нэгнээс мэргэжлийн туслалцаа авах уу? 

Би өөрөө “Монгол адууны хурдыг сайжруулах” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийгээд явж байгаа. Өөрийнхөө хэмжээнд гадны ном хэвлэл уншиж судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг. 

-Мэдээж өнгөрсөн 10 жилийн хугацаанд амжилтанд хүрэхэд амаргүй байсан биз? 

Тэгэлгүй яахав эсэргүүцэл байнгын тулгарна шүү дээ. Миний хийж байгаа юманд дургүй, гэхдээ дуртай хүмүүс зөндөө байна цаана чинь. Өөрөөр хэлбэл хүн болгон дургүй мөртлөө, хүн болгон дуртай байдаг. Бүгдээрээ намайг эсэргүүцдэг мөртлөө ганц үрээ өгөөч гэж нэг нэгнээсээ нууцаар гуйдаг нь үнэн. Би хүнд тавиад адуу өгсөн байна лээ. Яах юм аргагүй хурдан байгаа юм чинь. Угаасаа хурдныг нь л хурдан гэнэ биз дээ. Тэрнээс түрүүлээд ирснийг нь хасчихаад дараагийнхыг нь хурдан адуу гэхгүй. Хурдан морины уралдаан дээр монгол адууны стандарт яриад байгаа хүмүүсийг би ойлгодоггүй. Уг нь энд монголын хурдан морины стандартыг гаргаж өгөх ёстой юм. Манай уламжлалт ёсонд хурдан морины уралдаан л гэж байлаа.

Хэн ч батлаагүй л болохоос, гоё сайхан чихтэй, урт сайхан хүзүүтэй, дэл сүүл шингэн гэх мэт... Энийг би стандарт гэж ойлгодог. Жишээлбэл, 400 жилийн өмнө англи адууг гаргахдаа англи хүн математик аргаар сэрвээний өндөр цэгээс газар хүртэл, шонтгор мөрөн дээрээс өгзөг хүртэл хэмжээд тэнцүү байх юм бол стандартын хурдан адуу болж магадгүй гэж тооцоолоод гаргачихсан байна. Түүнтэй адилхан өвөг дээдэс маань бидэнд заагаад өгчихсөн шинж байна шүү дээ. Тэрнээс намхан сэрвээтэй, богинохон мөчтэй байх нь монгол хурдан адууны стандарт биш. Энэ чинь өнөө хурдан адууныхаа шинжээс зөрөөд байгаа биз дээ. Минийхээр бэлчээрийнхээ адуунаас хурдан адуугаа арай жаахан ялгаж өгмөөр санагдаад байдаг юм. 

Жишээ авъяа, манай монгол адуун дотор 10 эр унага гарлаа. Энэ 10 эр унагаасаа удам судрыг нь хараад гурвыг нь шилээд яваандаа уралдуулна гээд тэжээчихэж байгаа юм. Үлдсэн нь бэлчээрээр байгаа ш дээ. Ингээд хязаалан болсон хойно нь харьцуулаад харахад гурваас таван см-ийн зөрүү гардаг. Үүний учрыг морь уядаг монгол хүн бүрээс асуугаарай, та хэдэн сард морио бэлчээрт гаргаад хэдэн сараас тэжээдэг вэ гэж. Бэлчээрийн монгол адуу, уралдаж байгаа монгол адуу хоёрын хооронд газар тэнгэрийн ялгаа бий. Бэлчээрээр явж байгаа адууг байгаль өөрөө жижигрүүлчихдэг юм. Өнөөдөр яг бэлчээрт байгаа монгол адуугаараа уралдахгүй л байгаа биз дээ. Ийм учраас л хурдан адууны стандартыг тогтоох хэрэгтэй гэж яриад байна. 

-Бид төрийнхөө баяр наадмаар адуугаа ялгаж уралдуулаад гурван жил өнгөрлөө. Энэ шийдвэрийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

Монгол төр оршин тогтнож байгаагийн бэлгэ тэмдэг бол эрийн гурван наадам. Тэгэхээр Монгол төр байгаа цагт эрийн гурван наадам болно. Эрийн гурван наадам байгаа цагт морь уралдана. Энд хамгийн сайн морио л уралдуулна шүү дээ. Үүний тулд адуугаа сайжруулах л хэрэгтэй. 
Би дээр хэлсэн. Хоёр ижилхэн унагыг нэгийг нь тэжээж, нөгөөг бэлчээрээр явуулахад ялгаа гардаг гэж. Үүнийг эрүүл ухаанаар л бодох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол нугалаа гараад байгаа биз дээ. Монгол нутгийн адуунууд нь тухайн газрынхаа байгалийн онцлогоос шалтгаалаад янз бүрийн хэлбэр хийц, өндөр намтай байна. Тийм болохоор л Монголын хурдан адууны стандарт бий болгох ёстой гэж яриад байна. Тэрнээс би монгол адууны стандартыг өөрчилнө гэж яриагүй. 
-Олон улсад эрлийз адууны уралдаан гэж байхгүй.

Гэхдээ морио хөгжүүлэх гэж байгаа уяачдынхаа хөдөлмөрийг хүндэтгэж эрлийз ангиллын адууны уралдааныг явуулдаг юм бишүү? 

Монголд сонгомол морин уралдааныг явуулах ёстой. Үүний тулд бооцоо тавьдаг хуультай болчихвол сайхан морин тойруулгатай болоод жилд хоёр удаа том уралдаан зохион байгуулах жишээний. Ингэснээр монгол хүмүүс ажлын байртай болно. Цаашлаад Сингапур, Малайз, Австрали гэх мэт халуун орныхон зундаа манайд адуугаа авчирч маллуулж болно. Гурав, дөрвөн мянган адууг тавдугаар сараас арваннэгдүгээр сарын эх хүртэл маллаж өгөөд монгол иргэд маань орлоготой болох боломжтой. Гол нь бид бооцоо тавих хуультай л болох хэрэгтэй. Тэгвэл бид дэлхийн бүх уралдаанд бооцоо тавих эрхтэй болно. Өөрсдөө том уралдаан зохион байгуулах боломжтой болно гээд давуу тал байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа

Та бүхэнд ч бас баярлалаа 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх