Х.Булгантуяа: Бид эцэг, эхчүүдэд сонголт өгөх ёстой

2020 оны 08 сарын 28
Х.Булгантуяа: Бид эцэг, эхчүүдэд сонголт өгөх ёстой

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар хүүхэд харах үйлчилгээнд зориулж 2 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулсан нь багагүй шүүмжлэлийг дагуулаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "МАН-ын мөрийн хөтөлбөрт урт хугацаандаа яслитай болно гэж тусгаж өгсөн. Ясли ангитай болох бэлтгэлийг хангахад БШУЯ-д тодорхой хугацаа шаардлагатай болно. 1990-ээд оноос өмнө ясли ЭМЯ-ны харьяанд байсан. Энэ бол хүүхдэд боловсрол олгох гэхээсээ илүүтэй эрүүл бойжуулах зорилготой газар. Бидний аав, ээжийн үед хүүхдээ 45 хоногтойгоос нь яслид өгнө. Хоёр нас хүргээд цэцэрлэгт өгдөг л байсан.  Энэ бэлтгэлийг хангахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй.  

Энэ жилийн хувьд бид томуу, томуу төст өвчин, ханиадаас хүүхдүүдээ хамгаалах нь нэн чухал байна.  Манай улсад цэцэрлэгийн анги дүүргэлт өндөр байдаг. Нэг ангид 40-45, түүнээс олон хүүхэд байх нь элбэг.  Анги дүүргэлт нэмэгдэж, олон хүүхэд нэг дор цугларах нь ханиад хүрэх, цаашлаад бусад өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ийм хүнд цаг үед хүүхдүүд ихээр өвчлөөд байвал хэцүү шүү дээ. Тиймээс анги дүүргэлтээ багасгаад, хоёр настай хүүхдүүдийг авахгүй байхаар зохицуулъя. Тэр орон тоон дээр бусад ангийнхаа хүүхдүүдийн тоо багасгаж оруулъя гэж шийдсэн. 

Эцэг, эхчүүд мэдэж байгаа, хоёр настай хүүхдийг цэцэрлэгт өгөхөд, 2, 3 хоног яваад л өвддөг. Тиймээс хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлье гэдэг шийдвэрийг холбогдох байгууллагууд нь гаргасан. Гэхдээ хоёр настай хүүхэдтэй аав, ээжид үнэхээр асуудал үүснэ.  Цалин мөнгө, орлого тасрах болно. Хэн нь хүүхдээ харах уу, аюулгүй байдлыг нь хэрхэн хангах уу гээд асуудал байна. Тиймээс бид сонголт өгөх ёстой. Бид нэг талаараа цэцэрлэгт өгөх боломжийг нь хааж байгаа бол нөгөө талдаа сонголт өгөх ёстой учраас ядаж л хүүхэд харах үйлчилгээг санхүүжилтээр хангая гэсэн юм. Хүсэх юм бол хүүхдээ энэ үйлчилгээнд хамруулах боломжийг бий болгох ёстой"  


Онцлох мэдээ: