М.Энхболд нээж, Г.Занданшатарын хааж буй парламент

2020 оны 05 сарын 12
М.Энхболд нээж, Г.Занданшатарын хааж буй парламент

2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН дөрвөн жилийн хугацаагаа өндөрлүүлж, тавдугаар сарын 15-ны өдөр ээлжит парламентаа хаах гэж байна. Тодруулбал, 2020 оны хаврын чуулган тавдугаар сарын 15-нд хаалтаа хийснээр, хаах нь ээ. Энэ удаагийн парламентад МАН 64 суудал авч, Ардчилсан нам 9 суудал, МАХН 1, бие даагч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй эхлүүлж байв.

Харин улс төрийн үйл явц халуун өрнөж, УИХ-ын даргаа өөрчилж, Ардчилсан нам бүлэггүй болж, хоёр гишүүн нь өрх тусгаарласан бол МАХН парламентад суудалгүй нам болсноор бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгож байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчид юу хийсэн, ямар дуулиан шуугиантай өндөрлөх вэ.

ҮНДСЭН ХУУЛЬД 19 ЖИЛИЙН ДАРАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Үнэмлэхүй олон болсон эрх баригчдын хийсэн хамгийн том гавьяа ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Тэдний баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас орон даяар хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн удаад парламент бүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, ажлын хэсэг байгуулж, идэвхийлэн санаачлага гаргаж байсан ч ажил хэрэг болж, улс төрийн зөвшилцөлд хүрч байсан нь үгүй. Тэгвэл энэ удаагийн парламент гурван жилийн хугацаанд ард нийтийн санал асуулга явуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, улс төрийн намууд, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн том баг гаргаж, ажилласны дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Мэдээж энэ удаагийн өөрчлөлт олон давуу талтай орхигдуулсан зүйлс олон. Гэвч тэд 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадсан гавьяатай. Гэхдээ энэ гавьяаг УИХ-ын дарга Г.Занданшатар ганцаараа бус 73 гишүүн үүрэх ёстой нь үнэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хамгийн чухал зүйл нь улс төрийн намуудын зөвшилцөл. Тиймээс сөрөг хүчин болох АН, бусад улс төрийн намуудтай зөвшилцсөн нь хамгийн том дэвшил болсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ энэ парламент Засгийн газар, УИХ-ын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаас хэтрэхгүй бололтой.

ЭРХ БАРИГЧИД ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДЭВ

Сонгуульд ялалт байгуулсан МАН УИХ-ын даргаараа М.Энхболдыг, Засгийн газраа Ж.Эрдэнэбатаар тэргүүлүүлсэн. Гэвч 2018 оноос эхлэн үнэмлэхүй олонх эрх баригчид өөр хоорондоо тэмцэлдэж, Засгийн газраа унагаж, одоогийн намын дарга У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайд болж, шинэ Засгийн газар бүрдүүлэв. Үүний дараа УИХ-ын даргыг огцруулах ажиллагааг эхлүүлж, бүр Сүхбаатарын талбайд жагсаал хүртэл зохион байгуулж, тэмцэлдсэний үр дүнд М.Энхболдыг огцруулав. Түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Г.Занданшатарыг томилов.

Энэ цагаас эхлэн МАН 32,33-ын бүлэг албан ёсоор бий болж, хоёр хуваагдсан. Үндсэндээ М.Энхболдын тал, У.Хүрэлсүхийн тал гэсэн хоёр хэсэг болж, нэг хэсэгтээ тэмцэлдсэн. Энэ тэмцэл одоо ч ил, далд хэлбэрээр өрнөсөөр 2020 оны сонгуульд намын дарга У.Хүрэлсүх хэнтэй гар барьж, хэнийг жийх вэ гэдэг сонголтынхоо өмнө ирээд буй.

ХАМГИЙН ОЛОН ГИШҮҮНЭЭ “ХӨӨЖ” ЯВУУЛАВ

Энэ парламент хамгийн олон буюу гурван гишүүн нь бүрэн эрхээсээ чөлөөлөгдөв. Хамгийн залуу гишүүн гэгдэж байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож өнөөдөр тэр шоронд ялаа эдэлж буй. Түүнд шүүхээс гурван жилийн ял оноосон бөгөөд өөрийн биеэр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарсан. Энэ дуулианд холбогдохынхоо өмнө тэрбээр өөрийн хүсэлтээ гишүүнээсээ чөлөөлөгдсөн юм. Түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэсэн боловч эрх баригчид хүсээгүй. Түүний араас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. Түүний хувьд Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас улс төрийн зорилготой хэмээн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. Одоо ч түүний хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж буй. Бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн гурав дахь гишүүн бол УИХ-ын гишүүн асан Б.Батзориг чөлөөлөгдөв. Тэрбээр бас л сайд байхдаа бусдад давуу байдал олгосон, эрх баригчид олноороо ЖДҮХС-аас зээл авсан дуулианд холбогдсон. Гэвч тэд Б.Батзориг ба түүний нөхдөөр туг тахиад өнгөрч байгаа учраас Б.Батзориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ БҮЛЭГЛЭН ХУЛГАЙЛАВ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих бага хүүтэй зээл олгох шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-ын гишүүд, хамаарал бүхий этгээдүүд нь авав. ЖДҮХС-аас зээл авсан асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж, зургаан ч гишүүний хэрэг нь шүүх рүү шилжээд буй. Эдгээр гишүүдийн хувьд бага хүүтэй зээлээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан хүүлсэн байж болзошгүй гэж үзэж буй. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан ч УИХ олонхоороо хүлээж авсан юм. Нийтдээ 49 УИХ-ын гишүүн ЖДҮХС-аас өөрсдөө болон хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан зээл авсан гэх мэдээллийг хэвлэлүүд мэдээлж байв.

Тиймээс ч одоо хуулийн байгууллага дээр хэд хэдэн гишүүн шалгагдаж буй.

АН ЗАДАРЧ, БҮЛЭГГҮЙ БОЛОВ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг анх есөн гишүүнтэйгээр бүлэг байгуулж, сөрөг хүчин болж байв. Гэвч Ардчилсан намаас итгэл хүлээж, Баянзүрх, Хан-Уул дүүргээс сонгогдсон хоёр гишүүн нь МАН-ын зодооны туг болсноор одоо өрх тусгаарлаж, нам байгуулаад буй. Ингэснээр Ардчилсан нам албан ёсоор бүлэггүй болж, задарсан нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд ихээхэн саад учруулж байв.

Харин энэ парламентын төгсгөлд МАХН-аас итгэл хүлээж, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд албан ёсоор элсч, АН-д бүлэг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Харамсалтай нь түүний энэ хүсэл биелж амжилгүй ээлжит парламентын хугацаа дуусгавар болж байна.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ГАРТ ӨГӨВ”

Түүхэндээ анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагыг солих шийдвэрийг энэ парламент гаргав. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сард ҮАБЗ хуралдаж, зөвлөмжийн дагуу АТГ, Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нарыг томилж байв. Ерөнхийлөгчийн “хүсэл” ийн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр биеллээ олж, УИХ бүгдийг нь чөлөөлж, томилж өгөв. Тиймээс хуулийн байгууллагын удирдлагын томилгоонд Ерөнхийлөгч “биечлэн” оролцсон нь өнөөдрийн МАН-д, улс төрд болж буй олон үйл явцаас харж болох юм.

Ш.ЧИМЭГ

News.mn


Онцлох мэдээ: