ЭМЯ: Завханд нэг, ХӨСҮТ-д нэг хүнийг тусгаарлаад байна

2020 оны 02 сарын 20
ЭМЯ: Завханд нэг, ХӨСҮТ-д нэг хүнийг тусгаарлаад байна

ЭМЯ-аас өнөөдөр шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Мэдээллийн эхэнд ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар ковид-19 вирусийн халдвараар дэлхий дахинд нийтдээ 75292 хүн өвчилсөн. Хятадаас бусад улсад 1900 хүн өвчилж, 5 хүн нас барсан байна.  Иранд 2 хүн энэ өвчнөөр нас барсан. Хятад улс хараахан ДЭМБ-д шинэ мэдээгээ нэгтгэж ирүүлээгүй байна.  Хятад улсад шинээр өвчлөгсдийн тоо багасч байгаа. Гэвч бусад улсад тархвар зүйн холбогдолгүй, ямар замаар халдсан нь тодорхойгүй тохиолдлын тоо ихэсч байна. 

Хэдийгээ тархалтын байдал буурч байгаа ч тогтвортой буурна гэж үзэхэд эрт байгаа. Нөхцөл байдал, авч байгаа арга хэмжээнээс хамааран яаж ч эргэж болохоор байна. Шинэ төрлийн коронавирусийн нас баралтын түвшин sars, mers зэрэг вирустэй харьцуулахад, өндөр биш байгаа. Өвчлөлийн 80 гаруй хувь нь хөнгөн буюу эдгэрч байна. 14 хувьд нь хүнд хэлбэрийн буюу уушигны хатгалгаа үүсэж байгаа.  Өвчтөний 5 орчим хувьд нь амьсгалын болон олон эрхтний дутагдалт үүсэж байна. Нийт өвчлөгсдийн 2 хувь нь нас барж байна.  Өвчлөлийн тохиолдлуудаас харахад, хүн их цугларсан газар хурдтай тархаж байна гэдэг нь харагдсан" хэмээлээ.  

Тэгвэл ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа "Вируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Вирусийн эсрэг болон антибиотек эм гэсэн 6 эмийн нөөц, 14 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 4 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, 9 нэр төрлийн тоног, төхөөрөмж, 10 нэр төрлийн ариутгал халдваргүйтлийн бодис зэргийг нөөцийг бүрдүүлэхээр ханган нийлүүлэх байгууллагуудтай гэрээ байгуулсан. Ингэснээр нөөцийг хангалттай бүрдүүлж ажиллаж байна. 

Шинэ төрлийн коронавирусийг эмчлэх эмчилгээний аргыг нээх эмнэлзүйн туршилтуудыг БНХАУ болон бусад улсууд тогтмол хийж байгаа. Сүүлийн үед 2-3 эм эмнэлзүйн хувьд нэлээд боломжтой үр дүн үзүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.  Түүнээс заримыг нь Хятадад аль хэдийнэ өвчтөнүүдэд хэрэглүүлээд эхэлсэн мэдээлэл байгаа. Гэсэн хэдий ч эмнэлзүйн туршилтыг үргэлжлүүлэн хийсээр байна" хэмээлээ.  

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Одоогоор Замын-Үүдэд 109 хүнийг тусгаарласан хэвээр байна. Гашуунсухайт боомтод 12 хүний тусгаарлаж, 15 хүнийг хянаж байгаа. Бүгдийнх нь биеийн байдал хэвийн байгаа. Өчигдөр буюу 19-ний өдөр Завхан аймагт нэг хүнийг тусгаарлалаа.  Хоёрдугаар сарын 6-нд Гашуунсухайт боомтоор Хятад руу гарсан. 12-ны өдөр эргэж ирсэн хүн юм байна. Өчигдөр Завхан аймгаас мэдээлсэн, халуурсан учраас тусгаарлалаа гэж.  Шинжилгээний сорьц ирж байна. Хамт автобусанд зорчсон хүмүүсийг хянаж, зөвлөгөө өгч байна. 

Улаанбаатар хотод ХӨСҮТ-д нэг хүнийг тусгаарлаад байгаа.  Мөн Хятад руу зорчсон учраас эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн.  Одоогоор биеийн байдал хэвийн байна" хэмээлээ.  


Онцлох мэдээ: