Догальд Трампын хүү Монголд зөвшөөрөлгүй ан хийсэн үү

2019 оны 12 сарын 16
Догальд Трампын хүү Монголд зөвшөөрөлгүй ан хийсэн үү

АНУ-ын ерөнхийлөгч Донхльд Трампын хүү Жуниор Монголд энэ зун ирсэн талаар бид мэдээлсэн. Тэрээр Баян-Өлгий аймагт очсон зургуудаа дэлгэсэн юм. Гэтэл тэрээр ингэж явахдаа зөвшөөрөлгүй ан хийсэн гэдэг мэдээлэл гарах болсон. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллагад хандан Дональд Трамп Жуниорын Монголд зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг шаардсан захидлыг илгээжээ.

Түүнчлэн бага Трампыг  “Lacey Act” гэж нэрлэгддэг хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг хүссэн байна. Уг хууль нь бусад улс орны хуулийг зөрчин агнасан ан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог аж.

Уг захидалд “Эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч байсан ч Барууны баян чинээлэг цагаан арьстнуудад хууль бус ан, хулгайн ан хийх давуу эрх олгохгүй байхыг бид уриалж байна” хэмээн онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард Монголд ирэхдээ ховордсон ан амьтдын тоонд ордог аргаль агнасан бөгөөд тухайн үедээ тусгай зөвшөөрөл аваагүй байж байгаад есдүгээр сарын 2-нд буюу АНУ руу буцахдаа зөвшөөрлийг нөхөж авсан талаар АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт анх мэдээлсэн билээ. Мөн тэрбээр ангаа хийчихээд Улаанбаатарт ирээд нутаг буцахаасаа өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан гэдэг. 

 

“Бага Трампын аргаль хэмээх ховордсон амьтныг агнасан явдал бол зүгээр өнгөрүүлж болохгүй үйлдэл. Загас, Зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага энэ хэрэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв аргалийг агнах үед Монгол Улсын хууль зөрчигдсөн бол тэр амьтны толгой АНУ-ын Ерөнхийлөгчийн хананд өлгөөтэй байх ёсгүй. Энэ амьтны тоо толгой огцом буурч байгаа нь бидэнд хатуу чанга хууль дүрэм, түүний хэрэгжилт дутагдаж байгааг харуулж буй тод жишээ юм” хэмээн Биологийн олон янз байдлын төв”-ийн хуульч Таня Санериб хэлжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх