Д.Ганбаатар: Гарамгай баатар Л.Дандарын түүхийг харлуулах алхам бүрийг би засах учиртай. Яагаад гэвэл би хүү нь юм

2019 оны 11 сарын 18
Д.Ганбаатар: Гарамгай баатар Л.Дандарын түүхийг харлуулах алхам бүрийг би засах учиртай. Яагаад гэвэл би хүү нь юм

Олноо “Алаг морьт” хэмээн алдаршсан, БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар агсны хүү Д. Ганбаатартай ярилцлаа.

-Саяхан нээлтээ хийсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” киноны нээлтийн үеэр Та баатрын хүү болохоор урилгаар оролцсон байх. Яг тэр үеэс чинь хойш Дандар баатрын хүү ч гарч ирлээ, ач, зээ охин ч гарч ирлээ. Цахим ертөнц өнөөдөр үүн дээр талцаад байна. Яг энэ асуудлаар би тантай уулзаж байгаа юм л даа?

-Яг энэ мөчийг далимдуулаад би аавын минь тухай Домогт 17 дугаар морьт хороо буюу баатар хороо гэгдэн алдаршиж байсан морьт хороог удирдаж байсан миний аав Л.Дандарын тухай, тэр үеийн байлдааны явц, баатарлаг хүмүүсийн тухай кино хийсэн кино багийнханд баярлаж байгаагаа хэлмээр байна. Киноны нээлтэн дээр би уригдаж очсоон. Түүн дээр зээ охин нь гээд манай Асгалтын охины охин МАН-д гишүүнээр элсээд МАН-ы даргаас батлах үнэмлэхээ авсныг харсан. Мөн Төмөрийн Дашдэндэв гэдэг хүн миний аавын хүү нь гээд явдаг хүн л дээ. Хүү нь болоод Д.Дашдэндэв болоод явахыг бас харлаа.

Би 1946 онд төрсөн. Ааваараа овоглодог, төрсөн хүү нь гэдгийг энд хэлье гэж бодож байна.

-Та баатрын төрсөн хүү нь. Өдий болтол ааваараа овоглоод явж байтал танд төөрөлдсөн дүү нар гараад ирлээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ учрыг би нэг их эсрэг талаас нь бодохгүй байна аа. Хүний амьдрал баялаг. Хүн өөрийнхөө амьдралын түүхийг өөрөө л бүтээдэг. Түүнээс хожуу үе, урьд үе, хамаатан садан, хажууд байгаа хүн бий болгодог юм биш. Түүний тухай А.С.Пушкин ч хэлсэн байдаг. Би арилж мартагдашгүй түүхийг өөрийнхөөрөө бүтээлээ гэж. Тэгэхээр би аавынхаа тухай, надад олон дүү гарч ирж байгаад гайхахгүй байна. Аав маань дөнгөж 24 насандаа хурандаа цол авч, гарамгай баатар болсон хүн болохоор ийм асуудал байж болох талтай ч байж мэднэ. Түүнд би огт эмзэглэхгүй байна.

image

-Цэл залуухан 24-хөн настай, БНМАУ-ын гарамгай баатар, дайнд ялаад дархан цолоо мандуулаад ирсэн, хийморьтой эр хүнд тухайн цаг үеийн бүсгүйчүүд өөрийн эрхгүй татагдсан л байж таарна. Та яг ингэж харж байх шиг байна. Харин одоо Та юунд эмзэглэж байна вэ?

-Би эмзэглэж байнаа, эмзэглэж байна. Юунд эмзэглэж байна гэхээр би төрөл төрөгсөд маань ингэж худал ярьж хагаралдаж байгаад л эмзэглэж байна. Түүнээс өөрийнхөө талаар огт эмзэглэхгүй байна. Намайг төрсөн гэнэ үү, өргөмөл гэнэ үү хамаагүй. Гол нь аавын минь түүхэнд хөндлөнгөөс оролцож байгаа хойч залуу үедээ л эмзэглэж байна. Ач хүү гээд л, зээ охин гээд л ороод ирж байна. Үнэндээ бол аль нь ч биш. Үүнээсээ өмнө надаас асуухаа яасан юм бэ. Одоо ч надаас асуухаас өнгөрч байх шиг байна л даа. Ингэж худлаа ярьж болохгүй ээ. Үүх түүхээ мэддэг байх хэрэгтэй. Асгалтын ээжийн төрсөн ах шүү дээ, миний аав. Тэгэхээр ах захаа хүндэлсэнгүй л гэж бодож сууна.

-Би таны тухай судаллаа. Ингээд явж байтал таныг Л.Дандар баатрын хүү биш ээ. Эхийнхээ дагавар юм аа. Тэгээд нялх ирсэн болохоор баатраар овоглосон гэх яриа байна. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

-Ийм яриа гарах үндэс суурь нь байна аа. Аав маань хэцүү газар орсноос хойшхи түүхэн үйл явцыг үүнтэй холбож ойлгох хэрэгтэй. Аав маань хэцүү газар орсон яг тэр үед би төржээ. Аав маань нэг ч удаа чи миний өргөмөл гэж хэлээгүй ээ. Миний төрсөн ээж бол Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Намид гэж хүн бий. Намайг аравдугаар анги төгссөний дараа аав минь намайг энэ хүнтэй танилцуулсан. Надад “Чиний төрсөн ээж энэ байна” гэж хэлсэн.

image

-Л.Дандар баатар өөрөө танилцуулсан хэрэг үү?

-Тийм. Аав надад 1.90 см орчим өндөртэй хүнийг ээж чинь гэж хэлсэн. Их том хүн санагдаж байсан. Хажууд нь нэг намхан эрэгтэй хүн зогсож байсан. Би Юндэн гэдэг ээжийнхээ дэргэд өсч хүмүүжсэн. /уйлав/ Тэгээд би “Та юу яриад байгаа юм бэ” л гэж хэлсэн. Аав маань “Чиний төрсөн ээж энэ байна” гэсэн. Ээж гэсэн тэр хүн намайг тэврээд үнссэн. Гэтэл аав минь “За, ахтайгаа танилц” гэсэн. Тэр нь миний төрсөн ах Намхайцэрэн гэж хүн байсан. Ингэж би анх ээжтэйгээ танилцсан. Сүүлд мэдэхнээ энэ бол аав ээж хоёрын минь гэр бүлийн айхавтар ухаантай шийдвэр байсан юм байна лээ. Ард түмэн үүнийг яаж мэдэх вэ дээ. Аав минь тэр бүхнээ ярихгүй. Учир юу гэхээр аав минь “За, би хэцүү газар орлоо. Надтай холбоотой бүх хүний асуудал хэцүү болох нь ээ. Чи минь явж үз. Харин хүүгээ орхиод яв. Би хүүтэйгээ үлдьё. Хүүгээрээ дамжуулаад хоёулаа уулзана аа. Чи амьдралаа бод. Би ямар ч гэсэн насаараа суухгүй” гээд би нэг сартай өлгийтэй хүүхэд аавынхаа Жанцангийн Зундуй, Балдангийн Банзрагч гэдэг хоёр эрэгтэй төрсөн дүү дээр нь үлдэж хоцорсон байдаг. Ээж аавын хэлснээр тэр хоёр дээр намайг үлдээгээд явсан, би тэр хоёрын гар дээр хүн болсон. Миний тухай хоёр ах маань сүүлд дурсахдаа “Миний дүү ч яахав дээ. Тэнгэр харж өссөн, чонын ходоодтой хүн” гэхэв дээ. Юу тааралдсанаараа л угжиж байсан юм гэнэ лээ.

-Тэгээд хэдийд нь Юндэн ээжтэйгээ учирсан юм бол?

-За, яг ярих гэж байна. Намайг өдөрт нь аавтай уулзуулдаг байсан юм билээ.

-Шоронд аваачиж уу?

-Тийм. Шоронгийн хашаанд намайг аваачдаг. Аав яв гээд гал зуухны ойролцоо очдог. Гал тогооны үлдэгдэл өгдөг, нохой шургаад орчихдог тэр хэсгээр өлгийтэй намайг аавд өгдөг. Аав намайг аваад харснаа “Өө, дажгүй. Миний хоёр дүү сайн хооллоно шүү” гээд үнсээд буцаадаг байсан тухай Зундуй ах маань надад ярьсан. Аав энэ хугацаанд хуучин үерхэж байсан, Дорнод аймгийн театрын дуучин байсан Д. Юндэн рүү хэл өгсөн байж. Тэгтэл тэр нь хүрээд ирсэн. Их л хурдан ирсэн хэрэг. Ингэж би ээжтэйгээ хоёр сартайдаа таарсан байдаг. Ингэхээр би Юндэнгийн дагавар энэ тэр гэсэн үгэнд огт эмзэглэдэггүй юм. Намид гэдэг ээж маань надад дээрх түүхийг хэлж өгөөд би ааваасаа асуутал “Чи үүнийг мэдэж яах гээв. Ээж чинь хэлсэн бол болоо юм биш үү” л гэсэн.

-Дандар баатар үерхэж байсан бүсгүйгээ хаа холын Дорнодоос дууджээ. Тэр нь ч давхиад ирж. Харин ирэхэд нь өөрөө шоронд, өөдсийн чинээ өлгийтэй үр нь хоёр эрэгтэй дүү дээр нь байж. Бас л хатуу амьдрал угтсан хэрэг шүү?

-Ээж маань ирэнгүүтээ хоёр дүүгээс нь намайг өөр дээрээ авсан байдаг. Аав маань тэр үед Хэнтий аймгийн Мөнгөнморьтод мод хийж, сал татдаг ажилд томилогдсон байсан юм билээ. Ээж маань хоёр сартай намайг аваад “Хүүхдийг нь харуулна” гээд аав дээр очиж. Яг тэр үеэр аав ээж бид гурвын сал задарсан гэсэн. Тэр үед аав “Хүүгээ аваад ус руу үсэр” гэж хашгирсан гэсэн. Усанд орчихвол амьд үлдэнэ гэж бодсон хэрэг. Харин ээж минь чадаагүй. Уг нь Хэрлэн голын хөвөөнд өссөн хүн л дээ. Усанд муу байсан юм байлгүй. Тэгэнгүүт аав намайг ээжээс булааж аваад голын эрэг рүү чулуудчихсан гэдэг. Тэгээд ээжийг ус руу түлхчихсэн. Гурван хүний амь яригдаж байсан хэрэг шүү дээ. Тэгээд хоёулаа амьд гарч ирээд над руу уралдсан юм байна лээ. Ээж маань түрүүлж очсон ч гэсэн намайг авах гээд хий самардаад байсан гэсэн. Тэгсэн аав гүйж ирээд ээжийг түлхчихээд намайг тэвэрч авангуутаа “Зүгээр байна, зүгээр байна” гэж байсан гэдэг. Саяхан нэг генерал надтай уулзаад”Салны хүүхэд” гэхэд нь би баярлаж л байлаа.

-Тэгээд та хэдэн дүүтэй болсон бэ?

-Төрсөн дүү байхгүй ээ. Аавын минь төрсөн дүү Ёндонгийн Цэдэвсүрэн гэж эмэгтэй аав ээж нь нас бараад ганцаархнаа үлдсэн. Түүнийг аав минь өргөж авсан. Дандарын Цэдэвсүрэн гэж миний дүү болсон. Одоо тэр дүүгийн минь үеийнхэн ирдэг юм шүү. Тэр дүү минь аавын минь нэрийг хугалаагүй сайхан амьдарч байгаад 37 насандаа хүүхэд гаргах гэж байгаад өөд болсон доо.

-Тэгвэл бүрэн эрхт Монгол Улсад гарамгай баатар Л.Дандараар овоглосон ганцхан хүн Та юм уу?

-Тийм ээ. Би үүнийгээ хүн ам тооллогын архиваас лавлаллаа. Л.Дандар, Д.Юндэн гэдэг хоёр хүний дунд би амьдарч өссөн. Лавлагаагаар би хүү нь гэж гарсан. 05018251 гэсэн дугаарт бүртгэгдсэн байна лээ. Мэргэжилтэн Лхагвасүрэн гэдэг хүн гарын үсэг зурж лавлагааг гаргаж өгсөн. Үүнээс гадна намайг тэр хүний хүү гэж баталсан нэг зүйл нь аавын минь тухай кино хийх гээд холбогдох материалыг нь архиваас үзэх гэтэл кино багийнханд өгөхгүй байсан юм билээ. Тэгэнгүүт кино нэгтгэлийн Ж.Солонго, МУСГЗ зохиолч Б.Догмид нар намайг “Л.Дандар баатарт холбогдох материалыг архиваас авч өгөөч ээ” гээд би бүгдийг нь авч өгч байлаа.

-Хүн амын тооллого бүртгэлээс илүүтэй, төв архивын материалд хувь хүний холбогдолтой зүйлд бүрэн эзэн суух эрх нь энэ хүнд байна гэдгийг л нотлоод өгчихсөн хэрэг байх нь тийм үү?

-Тийм ээ. Тэр кино багийнхан архиваас материал үзэх гэж албан тоот илгээж, албан тушаалтнаар яриулаад ч бүтэхгүй байсан гэсэн. Харин надад хүссэн материалыг минь гаргаж өгсөн шүү.

-Т.Дашдэндэв гэдэг хүн гарамгай баатрын хүү нь гээд гараад ирсэн. Энэ талаар?

-Би ах дүү хамаатан садангийнх нь нүүрэн дээр Т.Дашдэндэвээс асуусан. “Дашдэндэв ээ, чи надад уурлах ямар хэрэг байна аа. Дайралт хийх ямар хэрэг байна вэ. Би чамайг Л.Дандарын хүү биш гэж хэлсэн удаа бий юү” гэхэд тэр олон хүний нүдэн дээр “Үгүй ээ” гэж хариулсан. Тэгвэл аав минь “Энэ миний хүү шүү. Та хоёр ах дүү хоёр шүү гэж хэлсэн үү” гэж асуусан. Дуугараагүй. Аав минь тэгж хэлээгүй юм.

-Аав чинь танд тэгж огт хэлээгүй хэрэг үү?

-Бид хоёрыг хоёуланг нь байхад тэгж хэлээгүй. Миний дүү гэж надад хэлээгүй. Бид хоёр аавыг бие нь муу байхад хамт сахиж байсан юм. Бие нь муу байхдаа уг нь хэлэх л ёстой. Даанч тэгээгүй юм. Миний аав чинь зүгээр нэг эр хүн биш. Аливаад цэрвэж барихгүй дээ. Тэгэхдээ л хэлээгүй юм. “Хүү чинь шүү” гээд ирээд байхад цаад эхийг нь бас нэг бодож болмоор доо. Би яагаад хүү нь мөн, биш гэж хэлдэггүй юм гэхээр Т. Дашдэндэвийн ээж, миний аав хоёрын хамт байсан өчүүхэн цаг хугацаа сайхан байсан байж ч болно. Энэ бүхнийг тунгааж ярих юм бол аавыгаа л би шүүсэн болно шүү дээ. Тэгж болохгүй биз дээ. Тийм учраас аав хэлээгүй болохоор би дуугардаггүй юм. Нөгөөтэйгүүр би Дашдэндэвийн ээжийг хүндэлдэг юм. Харин Т.Дашдэндэв сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Би шүүхээр явж овгоо авна” гэж байна лээ. Би түүнийг сонсоод ”Одоо ч юм л бол шүүхээр явдаг сайхан цаг үе болж дээ” л гэж бодсон.

-Одоо тэгээд овгоо солиулчихсан юм болов уу?

-Надад тэглээ ингэлээ гэж хэлээгүй. Би дотроо бодохдоо овгоо авчихаад л Д.Дашдэндэв гээд индэр дээр гарч байгаа байлгүй дээ гэж бодсон. Түүнээс биш Төмөрийн гээд явж байгаа бол Дандар баатрын хүү гэж тэр киноны хамт олныг, ард түмнийг тэгж хуурахгүй байлгүй дээ. Тэгэхээр шүүхээр ороод овгоо солиулчихсан юм байлгүй. Яагаад ийм яриа гаргаж байна гэхээр одоо ил тод болох нь зөв байх аа гэж бодож байна.

-Л.Дандар баатрын ач охин, зээ охин гээд нэг бүсгүй бас гараад ирсэн. Хэрвээ ач охин гэвэл таны л хүүхэд байж таарах гээд байдаг. Зээ охин гэвэл гарамгай баатар маань охинтой байсан болж таарах гээд байдаг. Энэ эргэлзээг тайлаач?

-Азарын Асгалт гэдэг хүн миний аавын нагац дүү болох хүн. Төрсөн дүүгийнх нь хүүхэд шүү дээ. Тэр ач зээ гээд байгаа Сүндэрьяа маань Асгалтын охиных нь охин. Өөрөөр хэлбэл, аавын минь хувьд зээлдэм нь юм. Дөрөв дэх үе нь. Миний хувьд Сүндэрьяатай ярих юм алга. Харин Асгалтын хувьд ярихад Асгалт ээжийгээ төрсөн ахтай нь “суулгачихаад” байгаа юм л даа. Үүнд л би эмзэглээд байгаа юм. Ингэж болохгүй ээ. Төрсөн ах дүү хоёр битгий хэл, ургийн бичигт чинь ойрын хүмүүс битгий суугаач гээд байгаа шүү дээ.

-Та нар чинь хамаатан садангаа мэдэлцсэн юм байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ойрд уулзаагүй болохоос биш манайхаар орж гараад л. Аавыг амьд сэрүүнд намайг “Ганбаатар ах аа” гээд л явдаг байсан хүн. Одоо энэ яриагаар бол намайг “Өргөмөл ах аа” гэх юм уу, хаашаа юм. Түүхээ сайн мэдэхгүй байж хамаагүй буруу зөрүү ярьж болохгүй ээ. Ер нь гарамгай баатар Л.Дандар гэдэг хүний түүхийг хажуугаас харлуулах зүйл орж ирэх л юм бол түүнийг би засч залруулах үүрэгтэй. Буруу зөвийг нь хэлж өгөх учиртай. Энэ бол хүү нь болж төрсөн миний үүрэг шүү дээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх