Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой

2019 оны 11 сарын 13
Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.

  • Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн тоо улам бүр өсөж байна. Тэдний нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

Албаны мэдээгээр Монгол Улсын 175.7 мян.иргэн гадаадын 76 улсад, үүнээс 49.0 мян.хүн БНСУ-д, 30.0 мян.хүн АНУ-д, 10.0 мян.хүн БНХАУ-д, 9.0 мян.хүн Япон Улсад, үлдсэн нь бусад улс орнуудад ажиллаж, амьдарч байна. Монгол Улсын Засгийн газар нийгмийн хамгааллын асуудлаар Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех улс зэрэг улстай хэлэлцээр байгуулан хамтран ажиллаж байна.

  • Тухайлан тайлбарлаж өгөхгүй юу? Энэ талаар иргэдийн ойлголт тааруу байдаг шүү дээ.

Эхлээд БНМАУ болон ЗСБНХУ (хуучин нэрээр)-тай Нийгэм, хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн тухай мэдээлэл өгье. Тус хэлэлцээрийг  1981 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн давуу тал нь Монгол Улсаас ОХУ-д, ОХУ-аас Монгол Улсад ажилласан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох боломжтой юм. 2018 оны  жилийн эцсийн байдлаар ОХУ-ын 320 иргэн Монгол Улсаас тэтгэвэр тогтоолгон авч байна.

  • Солонгосын хэлэлцээрт ямар харилцааг зохицуулсан байдаг вэ? Манай иргэдийн хамгийн их зорчдог, ажил хөдөлмөр эрхэлдэг улс шүү дээ?

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийн тухайд 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан. Хэлэлцээрийн агуулга нь 2 улсын иргэдийг тэтгэврийн даатгалд давхар даатгуулахгүйгээр өөрийн улсын тэтгэврийн даатгалд даатгуулах, хэрэв даатгуулсан тохиолдолд Солонгосын үндэсний тэтгэврийн албанд төлсөн шимтгэлийг нь буцаан олгох явдал юм. Хэлэлцээрийн хүрээнд 6,893 иргэнд шимтгэлийн буцаан олголт олгосон байна.

  • Бүгд Найрамдах Унгар Улсын тухайд?

Хэлэлцээрийн агуулга нь иргэд хоёр улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгож, хоёр улсаас давхар тэтгэвэр авах боломжтой юм.  Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Энэхүү Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын 33 иргэн Унгар улсын хууль тогтоомжийн дагуу сар бүр өндөр насны тэтгэвэр авч байна.

  • Польшийн хэлэлцээр зөвхөн тэтгэврээс гадна бусад үйлчилгээг бас хамруулсан гэж сонссон?

Тийм. Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын "Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан. Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Польш Улсын  парламентаар тус тус соёрхон баталснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Хэлэлцээрээр Монгол Улс болон Польш Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зэрэг зохицуулалт хийгдсэн. Энэ Хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна.

  • Турк болон Чех Улстай байгуулсан хэлэлцээрийн онцлог юу вэ?

Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын "Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Хэлэлцээрийн гол агуулга нь хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох явдал юм. Харин Чехийн хэлэлцээрийн тухайд даатгуулагч Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулснаар аль нэг талын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох бол энэ асуудлыг хариуцсан хоёр улсын байгууллагад өргөдөл гарган хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжтой. Хэлэлцээр 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан одоо хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

  • Цаашид Монголчууд олноороо оршин суудаг орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлд хамтран ажиллах төлөвлөгөө бий юу?

Цаашид АНУ, Швед зэрэг орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудтай хамтран гадаадад амьдарч байгаа Монгол иргэдэд нийгмийн даатгалын мэдээлэл хүргэх, нийгмийн даатгалд хамруулах,  чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Казахстан Улстай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Хоёр улс хооронд 1993 онд байгуулсан хэлэлцээр 2014 онд Казакстаны талаас хүсэлт тавьсаны дагуу хүчингүй болсон юм. Иймд  тус улсад ажиллаж амьдарч байгаа казак иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулах зорилгоор хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн 4 удаагийн хэлэлцээг зохион байгуулаад байна.

  • Бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгмийн баталгааг хэрхэн хангах вэ?

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахыг зөвлөж байна. Суралцах, эсвэл ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо ирэхэд энэ нь таны нийгмийн баталгаа болж чадна гэдгийг хэлмээр байна. Хилийн чанадад байгаа иргэд манай www.ndaatgal.mn сайтаар нэвтэрч, иргэдэд зориулсан цахим үйлчилгээний хэсгээр дамжуулан, нийгмийн даатгалд цахимаар хамрагдах боломжтой. https://app.ndaatgal.mn/sdforeign/ Үүнийг илүү хялбарчлахын тулд бид “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнийг ашиглан сайн дурын даатгалын гэрээ байгуулах боломжийг бүрдүүлэхээр програм хөгжүүлэлт хийж байна.

Ярилцсанд баярлалаа.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх