Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дараагийн парламент руу шилжих эрсдэл байна

2019 оны 11 сарын 07
Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дараагийн парламент руу шилжих эрсдэл байна

Хуульч Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг УИХ хийх гэж байна. Тэгэхээр энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах байх. Хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан өөрчлөлтүүд хүсч, ярьж байсан өөрчлөлт болж чадсан уу?

-Мэдээж, хүсч байсан тодорхой зүйлс орхигдсон тал бий. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын гишүүдийн тоо хэт цөөхөн байгааг нэмэх гэх мэт олон асуудал байж болно. Гэхдээ бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа хэрэгжүүлэхгүйгээр энэ нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжгүй юм.

-АН-аас Үндсэн хуульд оруулах гурван санал хэлээд байгаагийн заримыг та дэмжиж байгаа юм байна. Эдгээр санал хоёрдугаар хэлэлцүүлэг дээр унасан. Гэхдээ УИХ-ын даргын захирамжаар байгуулсан зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаад эдгээр саналыг оруулах эсэхийг хэлэлцэнэ гэж байгаа. Ингэх боломжтой юу?

-Яг зөв асуулт. Асуудлын гол нь хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан зүйлсийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулж болох уу, шинээр зүйл нэмж болох уу гэдэгт байгаа юм. Энэ асуудлыг зохицуулах үүднээс хоёр долоо хоногийн өмнө УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуульд нэмэлт, өөрчлөлт хийж замаа зассан байна. Ингэхдээ процессын алдаа гаргажээ гэж үзэхээр байна. Ер нь хуулийн төслийг өргөн мэдүүлэх замаар, эсхүл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр уг хуулийг хүчингүй болгосон бол хуульд өөрчлөлт оруулж болдог юм. Дээр нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол тухайн хоригт тавьсан агуулгадаа нийцүүлэн хууль, шийдвэрээ өөрчилж, Байнгын хороон дээр боловсруулж, хэлэлцээд явж болдог. Гэтэл Ерөнхийлөгч УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан байдаг. Хамгийн энгийн асуудал бол тогтоолд хориг тавьсан гээд түүнээс илүү хүчин чадалтай хуульд гар хүрч болохгүй. Цаашид агуулга руу нь орвол Ерөнхийлөгчийн хоригийн агуулгаас хэтэрчихсэн. Хэрэв хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан бол хуулиа өргөн мэдүүлж хэлэлцүүлэх ёстой. Энэ өөрөө тусгай хуулиар зохицуулагдсан харилцаа.   

-Тэгэхээр УИХ өөрөө хууль зөрчсөн болж таарч байна уу. Ямар зүйлүүдийг зассан бэ. УИХ-ын ажлын хэсэг дээр хуульчдын баг ажиллаж байгаа, та бас тэр бүрэлдэхүүнд байгаа биз дээ?

-Би ажлын дэд хэсгийн гишүүнээр ажилласан. Сүүлийн хоёр сард ажлын дэд хэсгийн гишүүн учир таныг дуудвал ирээрэй, бусад үед дэд хэсгийн ахлагч, нарийн бичгийн дарга нар цаашид ажиллана гэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос надад хэлсэн. Тиймээс сүүлийн хоёр сард мэдээллээс холдчихож байгаа юм. Дуудахаа байсан (инээв). Гуравдахь хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь дэмжлэг авсан зүйл, хэсэг, заалтыг батлагдсанд тооцдог байсныг байхгүй болгосон. Ард нийтийн санал асуулга явуулахгүй тохиолдолд энэ зүйл маш хортой. УИХ-ын гишүүдэд итгэх итгэл муу байгаа энэ цагт нэг бүрчлэн хэлэлцэх энэ заалтыг авч болохгүй байсан гэж үзэж байгаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэсэн заалтыг хүчингүй болгосон байна лээ. Заримыг нь би түрүүнд хэлсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл анх ярьж байсан шигээ болж чадаагүй, гишүүд өөрийн итгэл үнэмшлээр бус намын бодлогоор хандаад байна. Үндсэн хууль дээр намын хайрцагны бодлогоор хандах ёсгүй гэдгийг зарим гишүүн хэлж байгаа. Та хуульч хүнийхээ хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Зөв шүү дээ. Энэ тохиолдолд намын гишүүнээ мартах хэрэгтэй. Ямар сонгуульд орох гэж байгаа биш. Үндсэн хууль ярьж байгаа цаг үе.

-Эрх баригч нам ард нийтийн санал асуулга асуухгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахаар болсон. Энэ нь ямар нэгэн хуулийн зөрчил болох уу?

-Болохгүй ээ. Харин ч бүр анхнаасаа гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд явах боломж байсан. Нийт 19 зүйл, 34 заалтыг ганцхан дэмжинэ, дэмжихгүй гэдгээр иргэдээс асуусан бол хамгийн ойлгомжгүй цаг, мөнгө, хүч зарсан асуудал болох байлаа. Ихэнхийг нь дэмжээд, заримтай нь санал нийлэхгүй бол 70 хувьтай нь санал нэг байна гээд дэмжинэ гэж санал өгөх үү гэдэг их ярвигтай. Ард нийтийн санал асуулгыг ганц нэгхэн, тодорхой асуудлаар явуулах ёстой.

-Энэ ондоо багтаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хуулийн хугацаатай. Тэгэхээр энэ парламент өөрчлөлтийг баталж чадахаар байна уу?

-Хүсвэл баталж чадна. Бөөрөнхийлөөд, айж эмээгээд байвал чадахгүй. Жишээ нь Журмын тухай хуулиа Үндсэн хууль зөрчөөд засчихлаа шүү гэдгийг одоогоос 10 хоногийн өмнө УИХ-ын дарга болон мэдэх ёстой дарга нарт нь ойлгомжтойгоор хэлсэн. Энэ хугацаанд алдаагаа ойлгоод, засах гээд гялалзуулж байгаа байхаа гэж найдаж байна, УИХ-ынхан. Эс бөгөөс дуусдаггүй яриа гэдэг шиг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дараагийн парламент руу шилжих эрсдэл байна. Уг нь сайхан дэгтэй, журамтай явсан бол, бас их олон зүйл багтаах гэж зориогүй, гол асуудлуудаа аваад тодорхой явсан бол энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийчих байлаа. Бид үүний төлөө ажилласан. Харамсалтай нь бидний өнөөгийн байдал, замаасаа гаждаг, улстөржүүлдэг, олон нийтэд таалагдах гэж хичээдэг, тэгээд эцсийн бүлэгтээ оочер дайрах, цагийг нь тулгадаг зан байдлаа бид энэ процессоос ил харж болж байна. УИХ яар, хурдал. Алдаагаа ойлгоод, түргэн зас, тэгвэл амжина. Харин амжуулахгүйгээр парламентийн ардчиллыг муухай харагдуулах боломжийг Ерөнхийлөгчийн засаглал ярьдаг хүмүүст олгох гээд байвал муу үр дагавартай.

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Үндсэн хуулийн эдийн засгийн ойлголт гэж байдаг гэсэн. Энэ яг ямар ойлголт вэ?

-Төсвийг хэрхэн боловсруулж батлах вэ гэдэг арга зүй дэс дарааллаас гадна Үндсэн хуулийн үзэл баримтлалаас хэтэрхий их гажиж ирсэн. Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд төсвийг боловсруулах, батлах гэдэг ойлголт үндсэндээ орхигдсон. Сүүлийн хэдэн жил чадлаараа л ярилаа. Тоохгүй юм. Үндсэн хуульд заасан эдийн засгийн ойлголтуудыг Үндсэн хуулийн эдийн засаг гэж нэрлэж байгаа. Нөгөө талаас эрхэд суурилсан эдийн засаг гэж томьёолж болно. Жил бүр төсөв батлахад Үндсэн хуулиа аль ч шатандаа бүрэн таньж мэдээгүй гэдэг нь харагддаг. Бид Үндсэн хууль муухай гээд бүх буруугаа Үндсэн хуулиас болоод байна гэж байгаа боловч Үндсэн хуулиа таньж мэдээгүй байна. Мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг. Үндсэн хуулийн дагуу эрх ашгаа эрэмбэлэх ёстой. Нэгд, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хоёрт, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл, гуравт, төрт ёс, түүх соёл, дөрөвт, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт гэсэн дөрвөн эрх ашгийн эрэмбэтэй. Төр ямар ч шийдвэр гаргасан энэ эрэмбээрээ явах ёстой. Төсвийн тухай хуулийг баталж байна гэдэг бол УИХ шийдвэр гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө хамгийн эхлээд төсвөө, дараа нь хүний эрхийг хангахын төлөө, тэгээд дараа нь хөшөө дурсгалаа барих ёстой. Энэ эрэмбийн дагуу төсвийн хуулиа хийх ёстой. Харамсалтай нь энэ эрэмбийн дагуу төсвийн хуулиа хийхгүй байна гэдгийг дахин дахин хэлмээр байгаа юм.

 

-Засгийн газрын тэргүүн, ЗГХЭГ-ын дарга нар Хэнтий аймгийг болохоор ч тэр юм уу мэдэхгүй 147 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 3000 хүнтэй тосгон л гэхэд 27 тэрбумын төсөвтэй байна?

- Хүний эрхийн асуудал хоёрт эрэмбэлэгдэж байна. Хүний эрх гэж юу вэ? гэсэн асуултыг гишүүд таних хэрэгтэй. Хүний эрхийг дотор нь хоёр хувааж байгаа. Иргэний ба улс төрийн эрх, нөгөө нь эдийн засаг, нийгэм соёлын эрх гэж. Иргэний бас улс төрийн эрхээ та эдлэхгүй бол хүн оршин байх чанараа шууд утгаараа алддаг. Тийм учраас улс гүрнүүд энэ эрхүүдийг заавал хангах ёстой. Эдийн засгийн ямар боломжтой байхаас үл хамааран заавал хангана. Эдийн засгийн эрх гэдэг нь тухайн улсын эдийн засгийн боломжоос шалтгаалан энэ эрхийг эдлүүлдэг. Төр иргэдийнхээ хүн байх эрхүүдийг хангасны дараа хөшөө барьж, цэцэг тарьж, зам барих ажлаа хийж болно. Хүүхэд нь халуураад эмнэлэг ороход таныг хүлээж авах ор байхгүй гэж бардам хэлчихээд, нүүрэн дээр нь хөшөө бариад байна шүү дээ. Та 10 мянган төгрөгтэй. Гэдэс чинь өвдөөд байвал та эм авч уух уу? эсхүл цэцэг тарих уу? Эм авч ууна. Хүний эрх амьд явах эрхээс эхтэй гэдгийг санах. Гэтэл манай төсөв амьд явах эрхээ орхиод  эдийн засаг, нийгэм соёлын эрх рүүгээ хандаад эхэлдэг. Эдийн засаг нийгэм соёлын эрхийн эдийн засгийн баталгаа нь дотроо бас агуулгатай. Энэ эрх нь улс бүр эдийн засгийн боломж өөр тул харилцан адилгүй энэ эрхийг эдлүүлж болох боловч, харин улс дотроо бүгд эрх тэгш байх ёстой. Нэг дүүрэгт сургууль байхгүй байхад нөгөө дүүргийн сургуульд бассейн барьж болох уу. Ер нь бол улсын төсвөөр санхүүжиж байгаа сургуулиуд хана будсан будаг нь ч зөрүүгүй байх ёстой. Манай улс бол улсын төсөв ба орон нутгийн төсөв гэсэн албан ёсны төсөвтэй. Тойргийн төсөв гэж байхгүй. Харамсалтай нь улстөрчид, шийдвэр гаргагчид эсрэгээр нь хийдэг. Одоо бол тойргийн төсөв гэж яриад байна. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн бүх ард түмний элч, нийт улсын эрх ашгийг баримталж ажиллах ёстой. Түүнээс хаа нэгтээ байгаа нэг дүүргийн хэдэн хороо, нэг аймгийн хэдэн сумын талаар ярьж болохгүй. Гишүүн тойргийнхоо иргэдийн зөрчигдөөд байгаа эрхийн талаар бол ярьж болно. Гэтэл хэн илүү Ерөнхий сайд, Сангийн сайдтай ойрхон байна, лобби сайн хийж байна вэ гэдгээс шалтгаалаад өөрийнхөө сонгогдсон тойрог дээр төсөв илүү тавиулах уралдаан болдог. Аялал жуулчлалаас их мөнгө босгоно гэдэг нь зөв ч, тэр бизнесийн төслийн эх үүсвэрээ хаанаас олох вэ? гэдэг асуудлаа тусгаар тогтнол, хүний эрхтэйгээ дүйцүүлж, тэнд орох хөрөнгө оруулалтаас булааж болохгүй. Төр өөрөө бизнес эрхлэгч байхаа одоо болиод хувийн хэвшлээ дэмж гэдгийн агуулгыг хялбарчилж хармааргүй юм.

-Үндсэн хуулийн Цэц Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргачихлаа. Энэ зөв үү?

-Цэц нэгэнт эцсийн шийдвэрээ гаргасан. Одоо УИХ маш хурдан хуулиа засах ёстой. Цэц дараагийн удаад ийм шийдвэр гаргахдаа Үндсэн хууль бол улсын эдийн засгийн баримт бичиг мөн юм бол улсын төсөвт үзүүлэх дарамт, түүний зохицуулалтыг давхар бодох ёстой. Тухайлбал, татвар тогтоох бол УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээний асуудал мөн. Түүнийг батлахдаа Үндсэн хууль зөрчсөн бол Үндсэн хууль зөрчсөн агуулгыг нь тогтоогоод, УИХ-д Үндсэн хуулийн дагуу дахин татвар тогтоох хугацааг нь тогтоож тэр хугацаанаас хууль хүчингүй болгох хугацааг тавьж өгөх ёстой. Бусад улсуудын Үндсэн хуулийн шүүхүүд бас ийм шийдвэр гаргадаг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагч хүчин төгөлдөр болно гэдэг бол үндэслэх, тогтоох хэсэгтээ гаргасан агуулга гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болно гэсэн санаа. Харин үндэслэх, тогтоох хэсэгтээ УИХ-д боломж олгох ёстой. Дунд суудлын хуралдаанаар хугацаа олгосон гэж ярьж болох боловч, тэр бол хууль зүйн хувьд эцсийн шийдвэр биш гэдгийг Цэцийн гишүүд ойлгох байх. Одоо Цэцийн шийдвэрийг үндэслээд бүр тэг татвартай болсон цоорхой үеийн маргаанууд гараад ирлээ. Ийм цоорхой үе чинь эдийн засагт маш хортой. Цоорхой үе гаргахгүйн тулд Цэц бүр хуучин мөрдөж байсан татварынх нь хэмжээний татварыг улс авах боломжийг нь УИХ, Засгийн газарт гаргаж өгч чадавуу. Одоо УИХ, Засгийн газар ийм эрсдэлтэй байдлаа мэдэрсэн тул цаашид Цэц дахиад ийм маягаар шийдвэр гаргавал, өмнөх татварын зохицуулалтаа сэргээн хэрэглэж болох зохицуулалтаа хуулиндаа тодорхой тусгавал сайн байна. Төсвийн тогтвортой байдал, эрсдэл хүлээх чадвар гэдгийг би хувьдаа ингэж ойлгоод байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх