Төрийн соёрхолт Н.Нацагням: У.Хүрэлсүхийг насаар нь Ерөнхий сайдаар тавь, огцруулна гэвэл нударгаар шийднэ

2019 оны 11 сарын 07
Төрийн соёрхолт Н.Нацагням: У.Хүрэлсүхийг насаар нь Ерөнхий сайдаар тавь, огцруулна гэвэл нударгаар шийднэ

Монгол Улсын Төрийн соёрхолт инженер Н.Нацагням Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар санаархаж байгаа МАН-ын 15 гишүүний эрүү болон хавиргыг хуга цохино гэдгээ нийгмийн сүлжээгээр илэрхийлжээ.

Мөн тэрбээр хэрэв дипломат замаар уг асуудлыг шийдвэрлэнэ гэвэл У.Хүрэлсүхийг бүх насаар нь Ерөнхий сайд болго, хэрэв эс тэгвээс, огцруулна гэвэл асуудлыг нударгаар шийдэхээс өөр гарц байхгүй гэдгийг хэлсэн байна. 

Тэрбээр “Нэлээн бухимдалтай байна. 30 жил уул уурхайг хууль бусаар ухаж, сүйтгэсэн улс төрчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах гэж байна. Сүүлийн 30 жил У.Хүрэлсүх сайд шиг экологийн төлөө тэмцсэн Ерөнхий сайд байгаагүй юм. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах болвол бидэнд өөр сонголт алга, бид Ардын намын 15 муу ёрын, уул уурхайтай хутгалдсан, авлигын хаант улсын гишүүдийн эрүүг хуга цохихоос өөр аргагүй боллоо. Үүнийг манай Даяар Монголчууд хийх болно. "Даяар Монгол"-ын хүмүүс танай саарал ордны хамгаалалтад байгаа шүү” гэжээ.

Мөн түүнээс гадна Ерөнхий сайдыг огцруулах гэж буй гэх 15 хүний нэрсийн жагсаалт байгааг дурдаад тэдгээр хүмүүсийн хавиргыг хугалах уриалгыг ч дэвшүүлсэн байна.

Нэгэн цагт Төрийн соёрхол хүртэж явсан инженер Н.Нацагням УИХ-д доктор, профессор хүмүүсийг сонгож байсан нь биш байсныг дурдаад дэлхийн түүхэнд аврагчид нь үндэсний хөдөлгөөнийхөн, тулааны урлагийнхан, цэвэр ариун дайчид, ардын ёс заншлаараа эрчүүдийн дүрмээр, ёс зүйгээр ард түмнээ авардаг байсан тул гарц шийдлийг ингэж харж байна гэжээ.

Сонирхуулахад Н.Нацагнямыг 2013 онд Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хүртээж, түүний бүтээлд тухайн үеийн Н.Алтанхуягийн засгийн газар 100 сая төгрөгийн шагнал олгож байсан бөгөөд өөрийнхөө бүтээлийг ард түмнийг 100 жил өлхөн тэжээнэ хэмээн бүлтэрч байсан билээ. Инженерүүд тархиараа дэлхийг өөрчилсөн бүтээл хийж байхад нударгаараа хавирга хугалах тухай ярих монгол инженерийн яриаг сонсоод дэлхий ичих биз ээ. Энэ мэт харгис пи ар нь Монгол улсад сайн нэр өгөхгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч оноо нэмэхээс хасах нь илүү биз ээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх