НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгч хэн бэ

2019 оны 10 сарын 16
НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгч хэн бэ

Маргааш МАН эмэгтэйчүүдийнхээ байгууллагын тэргүүнийг сонгоно. Тодруулбал, МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал хуралдана. Холбооны дүрмийн дагуу ээлжит хурал дөрвөн жилд нэг удаа болж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчилдэг.

Тэгэхээр НАМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгч нь хэн байх вэ гэдэгт нийгэм илүү анхаарал хандуулж байх шиг байна.  Ер нь монголчуудад томилгоо, сонгууль сонирхолтой сэдэв хэвээрээ байгаа шүү дээ.

Тус холбооны одоогийн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа  дахин өрсөлдөхгүй гэсэн мэдээлэл байгаа. Энэ бараг үнэний ортой байх. Тиймээс НАМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хараалж байгаа хэд хэдэн хүний нэр дуулдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн,  ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна.

Түүнчлэн  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Сөүл”-ийн Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нарын нэрс ч яригдаж байгаа бололтой.

Гэхдээ намынхаа дэргэдэх эмэгтэячүүдийн байгууллагыг хэнээр удирдуулах вэ гэдэг нь  МАН-ын даргын эрх үүргийн хэмжээний асуудал гэдгийг бодолцох учиртай. Тиймээс өнөөдөр /2019.10.16/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НАМЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчийг сонгоно.

Удирдах зөвлөлөөс нэр дэвших илүү магадлалтай хоёр хүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэрлэгдэж байна. Монголын нийгмийн өнөөгийн хүсэмжлэл шинэ залуу улс төрчдийг дэмжих  чиг хандлага давамгайлж байгаа үе. Энэ утгаараа НАМЭХ-ны ээлжит их хурлаас олонхийн дэмжлэг авч Ерөнхийлөгчөөр сонгогдох  магадлалтай хүнээр Х.Булгантуяаг нэрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш байх. 

Х.Булгантуяа өнөөгийн Засгийн газрын хамгийн залуу,  олон улсын хэмжээнд ажиллаж байсан туршлагатай гэдгээрээ МАН-ын шинэ имиж илэрхийлэл бүхий фигур юм.

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх