“Шинэ эхлэл” сургуулийн сурагч Ц.Мөнххүслэнгийн “Үүлсийн гүнд” үзэсгэлэн нээгдлээ

2019 оны 09 сарын 20
“Шинэ эхлэл” сургуулийн сурагч Ц.Мөнххүслэнгийн “Үүлсийн гүнд” үзэсгэлэн нээгдлээ

“Шинэ эхлэл” сургуулийн 12Б ангийн сурагч Ц.Мөнххүслэн өвөө Л.Цэнд-Аюушийн гэгээн дурсгалд зориулж “Үүлсийн гүнд” сэдэвт анхны бие даасан үзэсгэлэнгээ Хүүхдийн урлан бүтээх төвийн галерейд дэлгэлээ. Тэрбээр уран зураг, хувцас загвар, гар урлалын чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд түүний зурсан зургууд нь монгол үндэсний уламжлалт зан үйл, орчин цагийн модерн загварын хоршил бөгөөд нуугдмал өнгө аяс, гүн гүнзгий утга санааг агуулсан. Бүтээл бүр нь өөрийн онцлогтой аж. Ц.Мөнххүслэн өөрнхөө үтээлүүдээр олон тэмцээнд оролцож шагнал авч байжээ.

Тэрбээр ярихдаа “Өнөөдөр уран зургийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа баяртай байна. Би багаасаа л зураг зурах сонирхолтой байсан. Харин дөрөвдүгээр ангиасаа байнга зураг зурж эхэлсэн. Шинэ эхлэл сургуульд орсноороо илүү нарийвчилж суралцаж, өөрийгөө хөгжүүлсэн. Ер нь монгол хэв маягийг илэрхийлж зурдаг. Гэхдээ цаад утга нь нийгмийг өөрийнхөө харах өнцгөөр дүрсэлж бусдад ойлгуулахыг зорьдог. Бүтээлүүдээсээ “Далдуур хов жив” гэсэн зурагтаа би их дуртай. Энэ нь хүмүүс аливаа үйлдлийг хийхэд байнга хойноос нь хов жив дагаж байдаг гэдгийг илэрхийлэхийг хүссэн.  Би сургуулиа төгсөөд уран зургаараа мэргэжил сонгохгүй ч цаашдаа хобби болгоод явна. Харин хувцас дизайны мэргэжил сонгож суралцах бодолтой байна” гэв. Үзэсгэлэн есдүгээр сарын 17-22 хүртэл үргэжилнэ. Хүүхэд багачууд, уран зураг сонирхогч та бүхэн Ц.Мөнххүслэн охины ертөнцөөр зочлоод гараарай.

 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх